НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр Н.Учралыг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-08 16:08:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (НАМЗХ)-ны Их хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралыг сонголоо


НАМЗХ буюу МАН-ын залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан юм. Түүний ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа өнгөрсөн сард дууссан бөгөөд НАМЗХ-ны хэсэг залуус Их хурал хуралдуулах шаардлагыг намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлснээр энэ хурал товлогдсон юм. НАМЗХ нь389 төлөөлөлтэй бөгөөд өнөөдрийн хурал 85 хувийн ирцтэйгээр эхэлж холбооныхоо дүрэмд өөрчлөлт оруулах, хасах заалтуудыг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Үүний дараа холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралыг сонгохыг 100 хувь дэмжсэн юм.


НАМЗХ-ны шинэ ерөнхийлөгч Н.Учрал, “НАМЗХ цаашдаа МАН-ын шинэ үеийн боловсон хүчин, шинэ сэхээтнүүдийг бэлтгэдэг залуучуудын байгууллага байгаагаасай гэж хүсч байна. Үүний төлөө би хичээнгүйлэн ажиллана. Үндэсний их баяр наадмын дараа хурал зөвлөгөөн хийх биш орон нутагтаа шууд очиж ажиллах, НАМЗХ-ны дүрмийн шинэлчлэлийг хийх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналуудыг авах, цаашдаа залуучуудтай хэрхэн ажиллах вэ гэдэг бодлогоо гаргахын тулд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт уулзалт хэлэлцүүлэг хийнэ. Энэ нийгэмд байгаа залуучууд болгоныг боловсролтой болгоход анхаарч ажиллана. Боловсролтой нийгэмд ажилгүйдэл, ядуурал бага байдаг. Боловсролтой нийгэмд татварын орлого өндөрсдөг, технологийн хөгжил хурдасдаг. Тиймээс НАМЗХ бол оюун санааны өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх ажилд ханцуй шамлан орох ёстой” гэв.

Холбоотой мэдээ