"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт хийв

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-07-06 11:08:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газрын хэв журмын тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчид хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалтыг хийлээ.

Энэхүү сургалтаар шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч, шүүхийн захиргааны ажилтнууд эрсдэлд орох боломжтойг үзүүлж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага, алба хаагчдын байнгын сонор сэрэмж, тухайн үеийн нөхцөл байдлыг зөв үнэлэх ур чадвар чухал гэдгийг харуулсан юм.

Үзүүлэх сургалтыг шүүгдэгчийг шүүх хуралдаанд хуяглан авч ирэх, шүүх хуралдаан эхэлж, шүүхийн шийдвэр уншиж сонсгох үед шүүхийн шийдвэрт дургүйцсэн ар гэрийн гишүүд шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч, шүүхийн захиргааны ажилтнуудад халдсан халдлагыг таслан зогсоож байгаа хэлбэрээр зохиомжилсон байна.

Үзүүлэх сургалтын дараа тус аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга н.Хатанбаатар Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр Улаанбаатар хотод зохион байгуулсан сургалтаар яригдсан анхаарах асуудлуудын хүрээнд мэдээлэл хийж, харилцан санал солилцов.

Мөн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нар санал сэтгэгдлээ илэрхийлж, цаашид хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлж, "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хэлэлцэхээр боллоо.