УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүндэтгэн хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-05 11:24:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наамдыг угтан УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүндэтгэн хүлээн авав.


Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, "УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн чухал үйл хэрэг хэлэлцэж, ачаалал ихтэй ажиллаж байгаа. Тамгын газрын ахмадууд бол монгол төрийн албанд залуу нас, мэдлэг чадвар, авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулсан эрхэм хүмүүсийн төлөөлөл юм. Манай ахмадуудын дийлэнх нь байнгын ажиллагаатай парламентын баганыг тулж, тооныг нь өргөлцсөн хүмүүс байдаг. Та бүхнийхээ монгол төрийн албыг чин шударгаар түшсэн хөдөлмөр, зүтгэл, үлгэр дуурайллыг бид ямагт өндрөөр үнэлдэг. Тиймээс ахмадуудаа дэмжиж, халамж анхаарал тавих нь бидний үүрэг юм" хэмээв.


Улсын Их Хурлын Тамгын газар жил бүр Цагаан сар болон Үндэсний их баяр наадам, ахмадын өмнө Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 90 гаруй ахмадыг хүлээн авч, хүндэтгэл илэрхийлэхийн сацуу тэдний сургаал, зөвлөмжийг сонсож, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг уламжлалтай.

Холбоотой мэдээ