Ховд аймагт бэлгийн замаар дамжих халдварт өвчин 36,5 хувь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-04 18:10:06

Ховд /МОНЦАМЭ/. Бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа  тэмбүү, ХДХВ-ын халдварын илрүүлэг хийх тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны  305 дугаар тушаалын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ховд аймагт үнэлгээ хийв.

Тус үнэлгээний ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн ДОХ /БЗДХ-ын тандалт судалгааны албаны эмч нарын баг 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт ажиллаж байна.

Тэд Ховд аймгийн Жаргалант, Мөст, Цэцэг суманд ажиллаж, орон нутгийн эрүүл мэндийн салбарын 10 орчим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, БЗДХ өвчний шинжилгээ, эмчилгээнд тандалт судалгаа хийжээ. 

Улмаар тус өвчний эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр орон нутгийн эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 

Энэ ажлын үр дүнг олон нийтэд танилцуулах, эрүүл мэндийн салбар байгууллагуудаас гадна бусад байгууллагын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог тодорхойлох, цаашлаад Ховд аймгийн хэмжээнд БЗДХ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын 2019 оны төлөвлөгөө  боловсруулж,  түүнд  оролцогчдын саналыг  тусгах зорилгоор  өнөөдөр олон нийтийн уулзалт зохион байгууллаа. 

Энэхүү уулзалтад аймгийн удирдах ажилтнууд болон Ховд их сургууль, Хөгжил политехник коллеж, Хөшөөт хөгжил сан, Цагдаагийн газар, Авто тээврийн төв зэрэг байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцож, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөө, түүнд анхаарах асуудлын талаар санал солилцсон юм.

Бэлгийн замаар дамжих халдварын зонхилон тохиолдох 30 гаруй халдвар байдаг. Эдгээр халдвар нь нян, вирүс, мөөгөнцөр, шимэгч, эгэл биетэн зэргээс шалтгаалан үүсдэг. Сүүлийн жилүүдэд нянгийн шалтгаантай тэмбүүгийн өвчлөл  улсын хэмжээнд  нэмэгдэж байгаа гэнэ. 

Улсын хэмжээнд 2018 оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 16130 бүртгэсэн нь нийт халдварт өвчний 38.3 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 766 өвчлөл буюу 5.0 хувиар өсчээ.

Тэгвэл Ховд аймагт 2017, 2018 онд тэмбүүгийн 10 мянган хүн амд ногдох өвчлөл нэмэгдэж, 17.5 промиль үзүүлэлтэд хүрсэн бөгөөд төрөлхийн тэмбүүгийн 3 тохиолдол бүртгэсэн байдаг.

Мөн 2018 оны байдлаар жирэмсний хяналтад шинээр хамрагдсан эмэгтэйчүүдийн 44 буюу 2.6 хувьд тэмбүү өвчин илэрчээ. Харин 2019 оны эхний зургаан сарын байдлаар  аймгийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 167 тохиолдол бүртгэсэн нь нийт халдварт өвчний 36,5 хувийг эзэлж байна. Үүнд, тэмбүү өвчний тохиолдол 67 бүртгэснээс 33 нь жирэмсний  хяналтад хамрагдсан эмэгтэйчүүд байжээ.

Тиймээс Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан  БЗДХ,  тэр дундаа тэмбүү өвчний тохиолдлыг  бууруулах, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг хийхэд онцгой анхаарах, улмаар ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх, сайжруулах шаардлагатай байна. Энэ ажилд эрүүл мэндийн бүх шатны байгууллага болон нийгмийн салбарын бусад байгууллагын хамтын оролцоо, ажлын  уялдаа холбоо, дэмжлэг  чухал гэж албаныхан ярилаа.

Түүнчлэн БЗДХ өвчнийг насны бүтцээр авч үзвэл 50 хувь нь 23-аас доош насны залуу үеийнхэн байгаа юм. Энэ нь өсвөр үе, залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн мэдээлэл дутмаг байгаагийн илрэл гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. 

Энэ удаагийн уулзалтад оролцогчид цаашид өсвөр үеийн хүүхэд, залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэг боловсрол олгоход анхаарч, ерөнхий боловсролын сургуулийг түшиглэсэн эрүүл мэндийн клуб, кабинет ажиллуулах, энэ чиглэлээр  сургалт үе шаттай зохион байгуулах, хэвлэмэл материал, уриалгыг олон нийтэд түгээх зэрэг санал хэлж байлаа. Мөн цаашид БЗДХ өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааны хүрээнд эмч нарыг чадваржуулах, эмчийн орон тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахаар болов. 

 

 

 


 


 

 

 

 

Холбоотой мэдээ