Гамшгийн эрсдэлийг бууруулахад хамтран ажиллах талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-04 16:21:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рокка тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тохиож буй Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ. Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь байгалийн гамшгийн үед Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлээд, цаашид гамшгийн эрсдэлийг бууруулахад нягт хамтран ажиллах асуудлаар ярилцав.


Тухайлбал, Монгол Улсад газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа болоод уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай зуд, үер, ган, ой хээрийн түймэр зэргийг хор хохирол багатай даван туулахад анхаарал хандуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Ноён Францеско Рокка дээрх асуудлаар Монгол Улсын Шадар сайдтай ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн санал, санаачлагуудыг тусган ажиллахаа илэрхийллээ. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь тус холбооны гишүүн орнуудын дунд үлгэр жишээ болохуйц хууль болсныг онцлов.

Холбоотой мэдээ