Нэг сарын хугацаанд 10 аюулт үзэгдэл, ослын дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-04 15:32:40

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Онцгой байдлын газрын дуудлагын утсанд нийт 10 аюулт үзэгдэл, ослын дуудлага ирснээс объектын гал түймэр 2, гал түймрийн зөрчлийн дуудлага 6, мал амьтны гоц халдварт өвчин 1, үерийн аюулт үзэгдэл 1 иржээ.

Гал түймрийн тухайд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 цаг 55 минутад  Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 01-16 тоот хашаанд Д.Наранхүүгийн байшин эд хогшлын хамт бүрэн шатсан гал түймрийн хэргийг шалгаж үзээд дүгнэлт гаргажээ. Мөн Булган сумын 3-р багийн Бунхан гэдэг газар Хас-Эрдэнэ жуулчны баазын 6 ханатай гэр эд хогшлын хамт 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шатсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Гал түймрийн зөрчил гаргасан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна.

Мал амьтны халдварт галзуу өвчнөөр Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан /4-р/ багийн Хувтийн дээд өвөлжөө гэдэг газар малчин Ю.Хүдэрбатын 2 үхэр үхсэн. 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “19-248” бүртгэлийн дугаартай шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь батлагдсан байна. Үүний хүрээнд сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/50 тоот захирамжаар 14 хоногийн хугацаатай Хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.

Холбоотой мэдээ