В.Путин өнөөдөр Италид айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-04 09:26:46

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрвөн жил завсарласны дараа дахин Апеннины хойгт очих гэж байна. ОХУ-ын төрийн тэргүүн пүрэв гарагт Итали улсад нэг өдрийн албан ёсны айлчлал хийж, Ватиканд хүрэлцэн очно.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, В.Путиний айлчлал Ватиканаас эхэлнэ. Тэрбээр Ромын Пап Францистай уулзах үеэрээ Сири, Украины зүүн өмнөд нутгийн байдал, мөн Оросын үнэн алдартны шашны болон Ромын католиг сүмүүдийн хоорондын яриа хэлэлцээний талаар хэлэлцэнэ гэж Ушаков мэдээлжээ.


Үүний сацуу Ушаковын мэдээлснээр, Ромын Папыг ОХУ-д урих асуудлыг айлчлалын үеэр хөндөхгүй байна. “Одоогийн байдлаар энэ асуудал хэлэлцэх асуудлуудын тоонд ороогүй. Уг асуудлыг манай талаас ч Ватиканы талаас ч хөндөхгүй гэж би бодож байна” гэж Кремлийн төлөөлөгч хэлжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Ромд айлчлал хийх үеэрээ Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзана. В.Путин мөн тус улсын сайд нарын танхимын дарга Жузеппе Контетэй хэлэлцээ хийх бөгөөд хоёр улсын удирдагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлнэ.


Айлчлалын албан ёсны хөтөлбөр дууссаны дараа В.Путин эртний найз болох өдгөө 82 настай, 1990-ээд болон 2000-аад онд Италийн Засгийн газрыг гурван удаа тэргүүлсэн Сильвио Берлусконитой уулзахаар төлөвлөсөн байна. Улс төрийн идэвхтэй яриа хэлэлцээ хийж байх үед нь тэдний хооронд нөхөр ёсны харилцаа тогтжээ.


Холбоотой мэдээ