Япон, Өмнөд Солонгост цөмийн зэвсэг өгөх саналыг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-02 11:26:19

ВАШИНГТОН. /TASS/. Умард Солонгосын зүгээс учирч буй аюул заналаас хамгаалахын тулд Америкийн цөмийн зэвсгийг Япон, Өмнөд Солонгост шилжүүлэн өгөх тухай саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама няцаагаад,  дэлхийн бодлого, аюулгүй байдлын талаар юу ч мэддэггүй, ойлголтгүй хүмүүс л ийм зүйл ярина гэж цохон тэмдэглэжээ.

“Гадаад бодлого, Солонгосын хойгийн талаар, ерөнхийдөө дэлхийн бодлогын талаар юу ч мэддэггүй хүмүүс ингэж ярьж болох юм” гэж Америкийн засаг захиргааны тэргүүн Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын дүнд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Ийнхүү тэрбээр Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын урьд нь тавьсан Өмнөд Солонгос, Японы аюулгүй байдлыг хамгаалахын тулд хүч, хөрөнгө зарцуулахын оронд цөмийн зэвсгээ өгөх саналд тайлбар өгчээ.
Ийм хариуцлагагүй саналыг АНУ-ын төрийн дээд албан тушаалд өрсөлдөж буй хүн гаргах ёсгүй гэж Обама Трампын нэрийг дурдалгүйгээр хэлсэн байна.  “Дэлхий ертөнц бидний үйлдлийг ажиглаж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч дэлхий дахинд болж буй үйл явдлыг мэдэж байх ёстой. Учир нь бид бусад орны аюулгүй байдал, сайн сайханд нөлөөлдөг” гэж тэрбээр дурдсан байна. Обама мөн АНУ Ази дахь ойрын холбоотнууддаа үзүүлж буй дэмжлэгээ сулруулах ёсгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. “Япон, Өмнөд Солонгостой тогтоосон холбоо бол бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тулгын чулуу юм” гэж Америкийн удирдагч хэлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ