Пара спортыг орон нутгийнханд таниулах сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-03 13:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Пара спортын хөгжил” сэдэвт сургалтыг Өвөрхангай аймагт зургаадугаар сард зохион байгуулав.


Энэ удаагийн сургалтаар Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, МҮПХ-ны үндсэн хуулийг удирдлага болгон Монгол Улсад Паралимпын хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд пара спортыг сурталчлах, биеийн тамир, спортын хөдөлгөөнд идэвхтэй оролцуулах, пара спортоор хичээллэх тамирчдыг багаас нь бэлтгэх зэрэг асуудлыг хөндсөн байна.


Сургалтад Өвөрхангай аймгийн БТСГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, сум, баг хорооны нийгмийн ажилтнууд, спортын мэргэжилтэн, багш нарын 60 гаруй төлөөлөл оролцжээ.


“Төрийн байгууллага, асран хамгаалагч эцэг эх, гэр бүлийн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллүүлэхэд хэрхэн дэмжих, тэдний уялдаа холбоо, тэдэнд үйлчилж буй хууль, эрх зүйн талаар уг сургалтын хөтөлбөртөө багтаасан. Мөн Паралимпын брэнд, паралимпын хөдөлгөөн, пара спортын хөгжил, Олон улсын паралимпын хороо, гишүүн байгууллагын талаар танилцуулсан хэмээн МҮПХ-ноос мэдээллээ.

 

Холбоотой мэдээ