Ураны нөөцийн хэмжээгээ багасгахыг Иранд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-03 12:43:46

БРЮССЕЛЬ. /TASS/. Бага түвшинд баяжуулсан ураны нөөцийн хэмжээгээ багасгаж, цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг /ҮАХЦТ/ "сүйтгэх" үйлдлээсээ татгалзахыг Их Британи, Герман болон Францын Гадаад хэргийн сайд нар, мөн Европын Холбооны гадаад бодлогын албанаас Ираны эрх баригчдад уриалжээ. 


“Бага түвшинд баяжуулсан ураны нөөцийг ҮАХЦТ-нд зөвшөөрөгдсөн 300 кг-аас хэтрүүлэх алхмаа зогсоохыг, мөн цөмийн асуудлаарх гэрээг сулруулах цаашдын үйлдлээсээ татгалзахыг Иран улсад шаргуу уриалж байна. ҮАХЦТ-нд оролцогч бусад талтай бид нягт холбоо харилцаатай байгаа бөгөөд уг гэрээний хүрээнд хийх цаашдын алхмуудыг нэн даруй хэлэлцэнэ” гэж дээр дурдсан улсуудын Гадаад хэргийн сайд нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.


ҮАХЦТ-нд заасны дагуу, Иран улс 3.67 хувийн түвшинд баяжуулсан ураны гексафторидийг /UF6/ 300 кг-аас илүүгүйг эзэмшиж болох бөгөөд нь энэ нь 202.8 кг цэвэр урантай дүйцэх аж.


“Бага түвшинд баяжуулсан ураны нөөцөө ҮАХЦТ-нд заасан хэмжээнээс хэтрүүлсэн тухай Ираны эрх баригчдын мэдэгдэлд Франц, Герман, Их Британийн Гадаад хэргийн сайд нар болон ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч ихээхэн түгшиж байна. Энэ мэдээллийг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг нотолсон. Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх гэрээг хадгалж үлдэх бидний амлалт нь Иран улс уг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дагаж мөрдөх эсэхээс хамаарна гэдгийг бид тодорхой хэлсэн билээ. Ираны эрх баригчид цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гол хэрэгсэлд эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн шийдвэр гаргасанд бид харамсаж байна” гэж мэдэгдэлд дурджээ.


2018 оны тавдугаар сарын 8-нд АНУ ҮАХЦТ-нөөс дангаар гарч, нефтийн экспортын салбарт  Техраны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсны дараа Ираны цөмийн асуудлаарх уг гэрээний эргэн тойронд үүссэн нөхцөл байдал эрс хурцадсан юм. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани үүнээс яг нэг жилийн дараа буюу 2019 оны тавдугаар сарын 8-нд цөмийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоож байгааг мэдэгдэж, оролцогч бусад талд гэрээнд эргэн нэгдэхэд зургаан сарын хугацаа өгсөн билээ.


ҮАХЦТ-г НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн /ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц/ болон Герман  улс 2015 онд Иран улстай байгуулсан билээ.



Холбоотой мэдээ