Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга боксчин

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-02 16:44:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголоо алдаршуулсан олимпын баатрууд” цуврал нийтлэл, ярилцлагынхаа энэ удаагийн дугаараар “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвжавын Сэрдамбын тухай толилуулж байна.


Монгол Улсын гурван удаагийн аварга /2005, 2006, 2007 он/, Монгол Улсын залуучуудын хошой аварга /2003, 2004 он/, 2003 оны УАШТ-ий болон Монголын бүх ард түмний XI спартакиадын /2004 он/ мөнгөн медальтай, МБАТ-ий XII спартакиадын /2008 он/ болон 2003 оны Улаанбаатар хотын аварга болж байсан. 2006 оны Оюутны ДАШТ-ий хүрэл медальтай, 2007 оны Ази тивийн аварга. Мөн ОХУ-ын "Өвөр байгаль" ОУТ-ий алт, мөнгөн медальтай, "А" зэрэглэлийн Германы "Химийн цом" ОУТ-ий мөнгөн, хүрэл медаль, Чехийн "Grand prix" ОУТ-ий мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж байв. БНХАУ-ын "China mobile cup" ОУТ-ий болон "Пхеньяны цом" тэмцээний мөнгөн медалтай. Казахстаны олимпын эрх олгох ОУТ-ий мөнгө, Тайваньд 2008 онд болсон ОУСБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, Украины ОУТ-ий мөнгө, Монголын боксын 60 жилийн ойн нэрэмжит ОУТ-ий алтан медаль тус тус хүртсэн юм. 2005, 2007 оны ДАШТ-д амжилттай оролцсон билээ.


Пүрэвдоржийн Сэрдамба 1985  оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгсөж, боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. Үндэсний шигшээ багийн тамирчин байх хугацаандаа 48-51 кг-д тоглож 2008 оны Бээжингийн олимпын наадмаас 48 кг-д мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр 2009 онд Италийн Милан хотноо болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийн эзэн болж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн гавьяат тамирчин билээ. Монголын боксчдын түүхэнд бичигдсэн анхны дэлхийн аварга П.Сэрдамба 2007 оны Ази тивийн аварга болж байв.



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, дэлхийн аварга  П.Сэрдамбатай 2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-нд болсон “Жакарта-2018” Азийн наадмын дараахан уулзаж ярилцсан юм.


-Саяхан Индонез улсад Азийн 18 дугаар наадам болж манай боксчид алт, мөнгөн медальтай ирлээ. Энэ сайхан амжилтын талаар таны сэтгэгдлийг сонсъё?


-“Жакарта-2018” Азийн наадамд манай боксчин Э.Цэндбаатар алт, Б.Чинзориг мөнгөн медаль хүртэж түүхэн амжилтыг үзүүллээ. Өмнө нь алт, мөнгөн медаль ихэрлүүлэн авчирч байгаагүй. Инчоны 2014 оны Азийн наадмаас Д.Отгондалай аваргалж алтан медалтай ирж байлаа. Харин 2006 оны Дохагийн Азийн наадамд  У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар мөнгө, Э.Бадар-Ууган хүрэл медаль хүртэж байлаа. Азийн наадамд би оролцож байгаагүй. Мөн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг сүүлийн үед зохион байгуулахгүй болсон. Миний хувьд энэ хоёроос бусад бүх тэмцээнээс медаль хүртсэн юм билээ.


-Тамирчин хүн олон тэмцээнд оролцож ялалт, ялагдлын баяр, харууслын олон дурсамж, сургамж үлдсэн байдаг. Тэр бүхнээс сэтгэлд маш тод үлдсэн тулаан болон амжилт, харууслаа эргэн  дурсвал?


-2008 онд гэмтэл авчихаад байхдаа би ирэх жилдээ том зорилт тавьсан юм. Тэгээд 2009 оны Милан хотноо болсон ДАШТ-д хүч үзээд аварга болж зорилгоо биелүүлчихээд байхад л их сайхан байсан даа. АНУ-ын Чикаго хотноо 2007 онд болсон ДАШТ-ий ринг дээр ОХУ-ын боксчин Давид Айрапетянд 34:8-аар илт давуу байдалтайгаар хожигдож байлаа.  Харин хоёр жилийн дараа 2009 онд Бакугийн дэвжээн дээр алтан медалийн төлөө Давид Айрапетянтай дэлхийн аваргын төлөө тоглож 10:5 харьцаагаар ялж даагаа нэхэж Дэлхийн аварга болсон мөчийг эргэн дурсахад сайхан байдаг. Тухайн үед тоглолтууд болж байхад би Төрийн дууллын үгээ цээжлээд, яг л Дэлхийн аварга болчихсон юм шиг сайхан мэдрэмж төрөөд байсан нь одоо ч бодогддог. Тэр мөч сэтгэлд мартагдахааргүй хоногшин үлдэж дээ.



-Боксын А үсэг заасан багшийнхаа тухай эргэн дурсвал?


-Боксын анхны А үсэг зааж сургасан багш бол гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг. Багш маань Э.Бадар-Ууган, З.Энхзориг бид гурвыг өнөөдрийн амжилтад хүргэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн багш гэж боддог. Багш маань шигшээ багийн дасгалжуулагч байхдаа бидэнтэй ДАШТ-д ч хамтдаа явж байлаа. За тэгээд Д.Баньди, М.Мөнхжаргал, Д.Батсүрэн, Х.Алтанхуяг гээд олон багшдаа баярлаж  байдаг даа.


-Монгол Улсаас олимпын медаль хүртсэн 25 хүний нэгд багтсан болон боксын тамирчдаас анхны дэлхийн аварга цол хүртсэн хүний хувьд хойч үеийн дүү нартаа юу захиж хэлэх вэ?   


-Ер нь үе үеийн тамирчид дээд үеийн ах нараа харж сурдаг жамтай. Тэр ах маань ийм гоё цохидог, ийм гоё техникийг нь сурчих юмсан гэсэн их тэмүүлэл, хичээл зүтгэлтэй байв. Манай хойч үеийн хүүхэд багачууд хөдөлмөрлөх нь арай бага байна уу даа. Өөрийгөө жаахан дайчлаад хөдөлмөрлөхөд амжилт ойрхон шүү, бүх юм л гарт чинь бий гэж хэлэх байна. Үүнийг л ухамсарлан ойлгож хичээх хэрэгтэй. Амжилт хөдөлмөрлөсөн хүнийг хэзээ ч орхидоггүй, ард нь заавал амжилт байдаг. Залуу тамирчин хүн бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ хийж, өөрийгөө дайчилж, нэг л спортынхоо төлөө тууштай, зорилготой, хөдөлмөрч байгаарай гэж захиж хэлмээр байна.


П.Сэрдамба нь 2008 оны Бээжин хотноо болсон олимпын XXIX наадмын боксын тэмцээнд амжилттай тулалдаж эхний тойрогтоо Угандын тамирчин Р.Сергог 9:5, хоёрдугаар тойрогт АНУ-ын боксчин Л.Янесыг 8:7, гуравдугаар тойрогт Тайландын тамирчин А.Руенроенгийг 5:2, дөрөвдүгээр тойрогт Кубын боксчин Я.Х.Гозалесыг 9:8 гэсэн онооны харьцаатай дараалан ялж, олимпын аваргын төлөө хүч үзэхээр тунан үлдсэн. Олимпын алтан медалийн төлөөх тулаанд БНХАУ-ын тамирчин, дэлхийн хошой аварга Зоу Ши Минтэй тоглож гэмтлийн улмаас ялагдаж Бээжингийн олимпын мөнгөн медалийн эзэн болж, Монголын боксчдын түүхэнд олимпын анхны мөнгөн медальт тамирчин болсон билээ. Тэрбээр энэ амжилтаа бататгаж 2009 онд Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг эх орондоо авчирсан анхны боксчин болж  Монголын боксын түүхэнд алтан үсгээр бичигдсэн.

 

Бээжингийн олимпын тэнгэрт Төрийнхөө далбааг мандуулсан П.Сэрдамба эх орондоо ирээд удаагүй байсан 2008 оны намар түүнтэй уулзаж халуун яриа өрнүүлж байснаа энэ удаа эргэн дурсвал сонин байх болов уу.

 

-Монголчуудын хүсэн хүлээсэн олимпын мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн танд халуун баяр хүргэе?

 

-Баярлалаа.

 

-Олимпын мөнгөн медальтай эх орондоо ирэхэд төрсөн анхны сэтгэгдлээ хуваалцана уу?


-Бээжинд байхад, Монголд биднийг олимпоос алт, мөнгөн медалийн эзэд болсон гээд бөөн баяр хөөр болж, хүн бүхэн таньдаг ч, таньдаггүй ч бие биедээ баяр хүргэж, Сүхбаатарын талбайд нийслэлийнхэн шөнөжин баярлаж байна гэж сонссон. Гэсэн хэдий ч биднийг ийм өндөр хэмжээнд, сүр дуулиантай хүндэтгэж угтана гэж огт төсөөлөөгvй. Биднээс өмнө олимпоос медаль авчирсан тамирчдыг ийм сүртэй угтаж байгаагүй л болов уу. Эх орондоо ирэх үнэхээр сайхан байна. Намайг огт таньдаггүй хүмүүс баяр хүргээд л гоё юм. Аав маань ч од болж, манайх гэдэг айл хүний хөлд дарагдаад огт өөр болчихсон байлаа. Үнэхээр сайхан байсан шүү.

 

- Монгол зон олныхоо сэтгэлийг догдлуулсан ширүүн тулаануудын эцэст та олимпын мөнгөн медалийн эзэн боллоо.


-Намайг медальд хүрнэ гэж бодоогүй байх л даа. Тэр байтугай, Түвшинбаярыг ч олимпоос алт байтугай медаль авна гэж хэн ч зүүдлээгүй байх. Харин тамирчин бүр ялалтын төлөө байдаг болохоор бүгд л хичээсэн. Ялангуяа дөрвөн жилд ганц тохиодог олимп бол хатуу даваа. Тэнд сул тамирчин байхгvй. Харин манай Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа нарын тамирчныг олимпоос медальтай ирнэ гэж монголчууд хүсэж хүлээсэн нь талаар болсонгүй. Тэд дэлхийд данстай гэдгээ үнэхээр харууллаа. Миний хувьд анхны тоглолтод л жаахан хэцүү байлаа. Бие хүндэрч зуураад, тэгээд ч жаахан бэргэж, цэнэж байсныг нуугаад яахав. Сүүлд тоглодог Кубын тамирчин их сайн тамирчин. Миний гол өрсөлдөгчдийг цэвэрлэж өгсөн гэж болно. Хүрэл медалийн төлөө тоглолтод ялалт байгуулаад л бүр сэтгэл амарчихсан. Гэхдээ Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа эгч хоёр медаль хүртсэн нь бусад тамирчдад итгэл, их урам өгсөн.



-Удахгүй ДАШТ болно. Олимпын мөнгөн медальт гэдгээ батлана биз?


-ДАШТ гэдэг хэцүү. Боксын спорт, бөх шиг дагаж барилдана гэж байхгүй нэг л ялагдвал хасагддаг. Гэхдээ би дэлхийд чансаагаараа хоёрт бичигдэх болсон. Ямар ч гэсэн амжилттай оролцоно гэж бодож байгаа. Арга хэмжээ дуусгаад удахгүй бэлтгэлдээ орж эхлэнэ дээ. Бид дөрөв ойрдоо энд тэнд арга хэмжээнд оролцоод, завгүй л гүйгээд байна. Аав маань "Хүүгээ ирснээс нь хойш тухтай ч уулзаж чадахгүй юм" гээд гомдонгуй байгаа.

 

-Энэ амжилтад хүрэхэд аав ээжээс эхлээд тусалж дэмжсэн олон хүн байгаа байх. Тэдэндээ хандаж юу хэлэх вэ?


-Тэгэлгүй яахав. Юуны өмнө төрүүлж өсгөсөн ээж, аав хоёртоо баярлалаа гэж хэлье. Өндөр амжилтад хүргэсэн багш дасгалжуулагч, Монголын боксын холбооны хамт олондоо, биднийг дэмжиж ивээн тэтгэж байсан байгууллага, компани болон бүх монголчууддаа баярлалаа. Та нар минь байхгүй бол тамирчин бид бор зүрхээрээ хэчнээн ч гүрийгээд ингэж амжилт гаргахгүй гэж л хэлмээр байна.


Тиймээ, Олимпын мөнгөн медальт, шилдэг тамирчин гэдгээ тэр Дэлхийн дэвжээн дээр дахин баталж Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг Монголын боксчдоос хамгийн анх эх орондоо авчирсан тамирчин болсон. Энэ ижилгүй гавьяагаа үнэлүүлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт цолыг хүртэж монголчуудын итгэл, талархлыг хүлээсэн шилдэг боксчин билээ.


Түүний аав Д.Пүрэвдорж, Бээжингийн олимпын ринг дээр хүүгээ хүч үзэж байхад Улаанбаатарт гэртээ өөрийн дүү нар болон хүүхдүүдийн хамт телевизээр сэтгэл догдлон үзэж суусан гэж дурссан байдаг. Тэрбээр хүүгийнхээ цамцны захыг мушгиад л ялахад нь баярлаад, оноо алдахад нь одоо яана даа гэж хүүгийнхээ өмнөөс нь сэтгэл зовж суусан гэдэг.


Монголчуудын бахархал болсон Хөдөлмөрийн баатрын аав Пүрэвдорж агсан, хүүгээ Дэлхийн аварга цол хүртэхийн өмнө сонинд өгсөн ярилцлагадаа, хүү маань олимпоос мөнгөн медальтай ирсэн нь миний хувьд их том баяр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Хүү маань залуу болохоор дахиад улам ч их спортын амжилт гаргах байх. Гэхдээ оргилд гарахын хувьд ингээд гардаг л юм байж. Гол нь ард түмэн, эх орныхоо энэ их хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг хамгийн хэцүү. Өнөөдөр хүүг маань Монголдоо төдийгүй дэлхий хотлоороо мэддэг боллоо. Тиймээс би хүүдээ "Нэр төрийг дааж явах хэцүү байдаг. Ээ дээ, хүү минь энэ их хайр хүндэтгэл, нэр хүндийг өргөөд, хичээж л яваарай" гэж захидаг. Спорт гэдэг чинь, ялангуяа боксчин хүн өөрийгөө их хянаж, олны дунд биеэ сайхан авч явж, харилцаж сурдаг юм байна гэж мэдэрсэн. Ямар ч хүний эвийг нь олоод зодолдож, маргалгүй эв зүйгээр зохицуулаад байх чадвартай болсонд хүүгээрээ бахархаж байдаг. Энэ бол төрөлхийн зан чанараас гадна спортын ач тус гэж ярьж байж билээ.


Гавьяат тамирчин П.Сэрдамбыг Дэлхийн аварга хэмээх эрхэм цол хүртсэний дараахан уулзаж цөөн хором ярилцсан яриаг эргэн толилуулж байна.


-Бага насаа хаана өнгөрүүлсэн талаар эргэн дурсана уу?


-Миний балчир хүүхэд нас гэвэл Баянхошуу. Харин хүүхэд нас гэвэл Дэнжийн 1000-д өнгөрсөн дөө. Би Дэнжийн 1000-даа 2008 он хүртэл амьдарч байлаа. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийг 2002 онд төгссөн. Миний аав Дэнсмаа овогтой Пүрэвдорж Өвөрхангай аймгийн Хархорин сумын хүн. Ээж Дамбын Оюунчимэг гэдэг. Төв аймгийнх. Бид эцэг эхээс ах дүү тавуулаа. Би айлын тав дахь хүү, гурван ах, нэг эгчтэй.


- Боксын спортыг яагаад сонгох болсноо эргэн дурсвал?


-Миний аав монгол эрчүүдийн адил л хүүхэд байхдаа бөх барилдаж, ноцолдож өссөн гэдэг. Ер нь бөхийн төрлүүд, бокс гээд бүх л спортыг их сонирхдог, үздэг хүн байсан. Намайг миний хүү бокс юм уу, бөхийн төрлийн спортоор хичээллэвэл яасан юм гэж хэлдэг байлаа. Тэгээд л би нэг өдөр Спортын төв ордонд бөхийн секцэд орохоор очсон. Одоо энэ боксын заал хаалттай, цаана нь бөхийн зааланд жүдо бөхийн секц хичээллэж байсан. Харин бөхийн спорт надад нэг л сонирхол татахгүй байсан. Тэгээд боксын секцийг бас сонирхмоор санагдаад хүнээс хаана байдгийг асуусан юм. Спортын төв ордны ар талд Спортын сургалтын төвд боксын секц байдгийг заалгасан. Яваад орсон чинь Гааний багш /Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг/ хүүхдүүдэд бокс зааж байхад уулзаад, боксын спортоор хичээллэх сонирхолтой, танай секцэнд орж болох уу гэж асуулаа. Тэгсэн Гааний багш уриалгахнаар болно оо гээд л бүртгэж авсан юм. Ингэж л Гааний багшаараа боксын А үсгийг заалгаад өнөөдрийг хүртэл есөн жил багштайгаа хамт байж байна.


-Анх боксын секцэнд ороход хамт хичээллэж байсан нөхдөөс одоо байгаа биз?


-Тухайн үед Ä.Ганзориг багшийн секцэнд хамт орсон хүүхдүүдээс би л үлдсэн. Харин Э.Бадар-Ууган маань надаас 1-2 жилийн өмнө секцэнд орчихсон байсан. Дараа нь З.Энхзориг /агсан/ орж ирсэн. Тэгээд л бид гурав хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийж, амжилт гаргаж, бие биенийхээ алдаа оноог хэлж, тамирчин хүний ялалт, ялагдлын хором бүрийг л хуваалцаж, сайхан найзалж нөхөрлөсөн.


-Олимпын рингэд анх гарахад сэтгэл зүйн хувьд хэр зэрэг бэлтгэлтэй байв, хамгийн хэцүү өрсөлдөгч хэн байсан бол?


-Эхний тоглолт надад маш хүнд байсан. Олимп эхлээд жингээ бариад удчихсан байсан учраас эхний тулаанд Угандын тамирчинтай тоглоход мэдрэмж муу байсан. Дараагийн тулаанаас бие тавирч чөлөөтэй болсон. Хоёрдугаар тойрогт АНУ-ын мэргэжлийн стильтэй сайн боксчинтой тоглож ялсан. Ер нь, миний тулаанууд олон оноогоор тасарсан ялалт ер нь л байгаагүй, ганц хоёрхон онооны зөрөөтэй сэтгэл догдлуулсан ширүүн өрсөлдөөнтэй хэцүү тоглолтууд байсныг монголчууд мэдэх болов уу. Өнөөдөр бокс бүх улс оронд өндөр түвшинд хөгжиж байна. Тэр орны тамирчин тасархай сайн гэх аргагүй болсон. ДАШТ-д хэн ч мэдэхгүй, танихгүй тамирчин гарч ирээд л тив, дэлхийн аваргыг ялаад гараад ирдэг. Тэгэхээр боксын спорт дэлхийд маш жигд хөгжиж байгааг илтгэж байна.


-Боксын спортыг та өөрийнхөө үгээр тодорхойлж хэлнэ үү?


-Боксын спорт бол тулааны, эр зоригийн спорт гэж болно. Гэхдээ ухаангүй мулгуу зориг биш юм аа, хурдан гүйлгээ ухаан, овжин сэргэлэн, авхаалж самбаатай л хүний спорт. Хамгийн гол нь уйгагүй хөдөлмөрийн үр дүнд л боксын спортоор амжилт гаргана. Уйгагүй хөдөлмөрлөх л чухал юм.


-Таны энэ өндөр амжилтын нууц гэвэл?


-Бид байнга багш дасгалжуулагч нартайгаа бэлтгэл дээр ч, хоолоо идэхдээ ч өдөр болгон хамтдаа байж санал бодлоо солилцож, тэднийхээ зөвлөгөөг авдаг. Тэд л миний амжилтад шууд нөлөөлсөн. Д.Ганзориг, Б.Батсүрэн, Х.Алтанхуяг, бурхан болсон М.Мөнхжаргал, Д.Баньди багш нартаа л маш их талархаж явдаг. Мөн байнгын тэмцээн уралдаанд оролцуулж байсан МБХ-ны ерөнхийлөгч асан Д.Цогбаатар болон Т.Үйтүмэн, Ц.Нандигжав, С.Баясгалан ах нартаа их талархдаг хэмээн ярьсан юм.   


Холбоотой мэдээ