Хонконгийн засаг захиргааны тэргүүн амлалт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-01 15:57:28

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Сэжигтнийг БНХАУ-ын талд шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаалаас үүдэлтэй дотоод улс төрийн хямралаас сургамж авч, “удирдах арга барилаа өөрчилнө” гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам амлалаа.


“Эрх баригчид одооноос эхлэн хүн амын бүх давхаргын, ялангуяа залуусын санал бодлыг илүү анхааралтай сонсох болно. Сүүлийн үйл явдлын дараа би сургамж авсан” гэж тэрбээр Хонконг Их Британийн колоничлолоос гарч Хятадын мэдэлд очсоны 22 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан баярын хүлээн авалтын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр Хонконг “одоо эдийн засгийн олон асуудалтай тулгараад байгааг” цохон тэмдэглэжээ.


Цагдаа нар Хонконгийн төвд оршдог хурал, үзэсгэлэнгийн төвд хүрдэг гудамжнуудыг бүслэн хаажээ. Ойн арга хэмжээ болж буй уг төв рүү хэдэн зуун жагсагч дайран орохыг оролдсон боловч цагдаагийн хамгаалалтыг сэтэлж чадаагүй байна. Эмх журам сахиулагчид жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий ашиглажээ.


Аюулгүй байдлыг хангах үүднээс энэ жил уг баярыг өргөн дэлгэр тэмдэглээгүй байна. Тухайлбал, уригдсан зочдын тоо өмнөхөөс цөөн байсан бол үзэсгэлэнгийн төвийн талбайд төрийн далбааг мандуулж, төрийн дуулал эгшиглүүлэх ёслолд олон нийт анх удаа оролцоогүй бөгөөд дэлгэцээр шууд дамжуулсан байна.


Эх газрын Хятадад сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийг эсэргүүцэн жагсагчид үдээс хойш эсэргүүцлийн гол ажиллагаагаа явуулахаар товложээ. Хонконгийн төвд эмх журам сахиулахад хууль сахиулах байгууллагуудын 5000 ажилтныг дайчлах аж.


Холбоотой мэдээ