Энэ долоо хоногт олон улсад болох онцлох үйл явдлууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-01 12:32:28

ЛОНДОН. /BBC/. Эхэлж буй шинэ долоо хоногт олон улсад болох онцлох, сонирхолтой үйл явдлууд.


  • Нар бүтэн хиртэнэ


Энэ долоо хоногийн мягмар гарагт Чили, Аргентинд нар 4.5 минутын турш бүтэн хиртэнэ. Хоёр орны олон сая иргэн энэхүү үзэгдлийг цаг хугацааны хувьд нар жаргахын өмнөхөн харах боломжтой. Нарны бүтэн хиртэлт 2017 оноос хойш дэлхийн хаана ч харагдаагүй юм. Энэ удаагийн нар хиртэлтийг харж чадахгүй бол ирэх оны 12 дугаар сард ийм төрлийн үзэгдэл мөн Чили, Аргентинд дахин харагдана.


  • АНУ-ын тусгаар тогтносон өдөр тохионо


Жил бүрийн долдугаар сарын 4-ний өдөр Америкчууд Британиас тусгаар тогтносны ойгоо тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Уг баяр энэ долоо хоногийн пүрэв гарагт тохиож байна. Баярын үеэр Америкчууд хөнгөн шар айраг ууж, ил гал дээр шарсан мах идэж, салют буудуулдаг уламжлалтай.


  • Спортын олон арга хэмжээ болно


Энэ долоо хоногт спортын томоохон олон арга хэмжээ болно. Даваа гарагт Их Британийн хамгийн сайхан зүлэгтэй гэгддэг Уимблдонд теннисийн тэмцээн эхэлнэ. Үүнээс гадна бямба гарагт дэлхийн хамгийн том дугуйн уралдаан болох “Tour de France” Бельгид эхлэх ажээ.


  • Грект сонгууль болно


Ирэх ням гарагт Грект бүх нийтийн сонгууль болно. 2010 оны дунд үеэс хойш богино хугацаанд олон сонгууль зохион байгуулсан тус улсад 2015 оны есдүгээр сараас хойш анх удаа сонгууль болох гэж буй нь энэ юм. Өнгөрсөн тавдугаар сард болсон Европын парламентын сонгуульд Грекийн Ерөнхий сайдын зүүнийг баримтлагч нам ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор ээлжит бус сонгууль зохион байгуулахаар болсон билээ. 

Холбоотой мэдээ