Лүй Гуодун: Сүр жавхлант Монгол орон, зураг шиг тал нутаг гүн сэтгэгдэл үлдээсэн

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-06-24 18:02:11

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жил, хоёр орны хооронд Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой өнөө жил тохиож буй билээ. Ойг тохиолдуулан, Синьхуа агентлагийн Улаанбаатар хот дахь салбарын даргаар 12 жил ажилласан Лүй Гуодун Монголд ажиллаж байсан талаарх сэтгэгдлээ МОНЦАМЭ агентлагийн Бээжин хот дахь сурвалжлагчид ийнхүү хуваалцжээ.

           

Лүй Гуодун: Сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Монголын сайхан тал нутаг

 

Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон хөрш орнууд. Хоёр улсын хилийн зурвасын урт нийт 4710 км хүрдэг. Монгол улс өмнө нь дэлхий дээрх хоёр дахь социалист орон байсан. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш 16 дахь өдөр дээр буюу 1949 оны 10-р сарын 16-нд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон байдаг. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, миний Монгол Улсаас явсны 10 жилийн ой дээр МОНЦАМЭ агентлагийн Бээжин дэх сурвалжлагчтай Монголын талаарх сэтгэгдлээ хуваалцаад сууж байна.

Би өмнө нь Синьхуа агентлагийн Улаанбаатарт суугаа сурвалжлагчаар 12 жил ажилласан. Энэ хугацаанд МОНЦАМЭ агентлагийн удирдлагууд болон ажилтнууд их туслаж, дэмждэг байсан. Энэ завшааны, ашиглаад үнэн сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Ялангуяа, МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж байсан Т.Баасансүрэн гуайд маш их талархаж байна. Тэрээр 2009 оны 6-р сард намайг ОХУ-ын Владивосток хотод Синьхуа агентлагийн салбар нэгж байгуулан ажиллахаар Монгол Улсаас явах гэж байхад надтай хамт Хэнтий, Дорнод аймгуудаар сурвалжлагад явж байв. Ингэж надад Хэнтий аймгийн үзэсгэлэнт байгаль, Дорнодын өргөн уудам тал нутгийг улам илүүгээр мэдрүүлсэн юм.

Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосон 70 жилийн хугацаанд хоёр орны харилцаанд ээдрээтэй олон янзын үеүд тохиож байсан ч, сайн хөршийн найрамдалт харилцаа зонхилсоор ирсэн байдаг. 1994 онд хоёр улс “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулсан нь хоёр улсын харилцаа эрүүл тогтвортой хөгжих улс төр, эрх зүйн суурь тавигдсан юм. Ялангуяа, 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний МУ-д хийсэн түүхэн айлчлалаар хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрч, орчин цагийн Хятад-Монголын харилцааны хөгжлийн илүү өргөн цар хүрээтэй, илүү гэрэлт ирээдүйн чигийг тодорхойлсон.

Ойрын жилүүдэд хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл хүмүүнлэг, боловсрол зэрэг бүхий л салбарын харилцаа асар хурдтай хөгжиж, үр дүн нь тодоос тод мэдэгдэж байна. БНХАУ нь олон жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хамгийн чухал хөрөнгө оруулагч орон гэсэн байр сууриа хадгалсаар байна. Өдгөө хоёр орны харилцаа хурдацтай хөгжлийн замд шилжиж байна. Хоёр улс “Бүс ба Зам” санаачилга болон “Хөгжлийн зам” санаачилгыг уялдуулах ажлыг урагшлуулахаар хүчин чармайлт гаргаж байна. Мөн ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь илүү олон бодит үр өгөөжийг авч ирж байна. “Харилцан хүндэтгэлтэй, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, харилцан туслалцсан, найрсаг олон талт хамтын ажиллагааны түнш болох, цаг үеийн шаардлагад нийцсэн хоёр орны харилцааг бий болгох, хоёр орны харилцааг тасралтгүйгээр шинэ шатанд гаргах нь” манай хоёр орны удирдагчид болон ард түмний хүсэл эрмэлзэл гэдэгт би итгэлтэй байна.

Монгол орон бол өнөөг хүртэл нүүдэлчин соёлоо хадгалж авч үлдэж чадсан дэлхий дээрх цорын ганц улс юм. Монгол орны сүрлэг сайхан уулс, зах хязгааргүй тал нутаг, цэвэр тунгалаг гол мөрөн, тал нутгаар давхилдах адуун сүрэг, жигүүрээ дэлгэн нисэх бүргэд шувуу, аялгуут сайхан дуу хуур, цэцэгсийн анхилам үнэр, шаргалтан харагдах элсэн цөл, монгол гэрээс суунаглах утаа, тал нутаг дээр мандаж, жаргаж буй нар гэх мэт байгалийн сайхан одоо ч миний сэтгэлд тодхон харагдаж байна.

Монгол орны хаврын урин дулаан, зуны халуун, намрын сэрүү, өвлийн тэсгэм хүйтэн, уртын дуу морин хуурын эгшиг зэрэг нь Монголд ажиллаж амьдарч байсан үеийн дурсамж бүхэнд маань шингэсэн. Миний хувьд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл бол Монгол орны зураг шиг сайхан тал нутаг юм. Монгол орны энэ сайхан өргөн уудам тал нутаг дээр таван хошуу мал нь бэлчиж байхыг харахад мөн ч сайхан.



Зуны дэлгэр сайхан цагт Монгол орны газар бүрт энэ сайхан тал дээрээ наадмаа хийдэг. Наадмын хамгийн их үзэгчид татдаг төрөл бол хурдан морины уралдаан. Хурдан морины уралдаан бол хүүхэд, морь хоёрын хамтын хүч хөдөлмөрөөс бүтдэг. Олон зуун адуу ногоон хивс дэвссэн мэт тал нутаг дээр давхилддаг. Энэ үед л “адууны нуруун дээрх үндэстэн” гэдэг үгний утга гүнээ мэдрэгддэг. Монгол хүн, монгол морио маллаж ирсэн түүхийг ухаарч ойлгодог.

Тал нутгийн агаар цэвэр, тунгалаг. Энэ сайхан тал нутагт хэвтэж байхад сая л хөх тэнгэр, цагаан үүл гэж юу байдгийг харах болно. Хятадын Ляонинь мужийн уран бичлэгтэн Лю Ли Игийн Монгол орны байгалийн сайхныг магтан бичсэн нь буй.  

 

                                                                                                                                                                                            А.Анхбаяр

Холбоотой мэдээ