Энэ долоо хоногт олон улсад болох онцлох үйл явдлууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-24 11:03:53

ЛОНДОН. /BBC/. Эхэлж буй шинэ долоо хоногт олон улсад болох онцлох, сонирхолтой үйл явдлууд.


  • Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөгчид мэтгэлцэнэ


АНУ-ын Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль болоход 498 хоног үлджээ. Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөж буй 20 нэр дэвшигч энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт телевизээр мэтгэлцэнэ. Хоёр өдөр болох мэтгэлцээнд нэр дэвшигчид 10, 10-аар хуваагдан оролцоно. Сунгаанд 20-иос олон хүн өрсөлдөж байгаа боловч мэтгэлцээний шаардлагыг хангаагүй хүмүүс хасагдсан байна.


  • Их Британийн Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөгчид кампанит ажлаа өрнүүлнэ


Их Британийн Ерөнхий сайд хийгээд эрх баригч Консерватив намын даргын албан тушаалын төлөө өрсөлдөхөөр тунан үлдсэн Борис Жонсон, Жереми Хант нар энэ долоо хоногт улс даяар аялж, намын гишүүдтэйгээ уулзана. Тереза Мэйн халааг авах хүнийг Консерватив намын 160 мянга орчим гишүүн сонгох бөгөөд шинэ Ерөнхий сайд ирэх долдугаар сарын 22-28-нд тодорно.


  • Европын хамгийн том хөгжмийн наадам болно


Энэ долоо хоногийн лхагва гарагаас ням гарагт Английн Сомерсет хотод болох “Glastonbury” хөгжмийн наадмыг үзэж сонирхохоор олон мянган хөгжим сонирхогч нэгэн дор цуглана. Энэ удаагийн наадамд Стормзи, Лиам Галагер, Майли Сайрус тэргүүтэй дуучид уран бүтээлээ толилуулах бөгөөд цаг агаар ч тогтуун сайхан байх төлөвтэй байгаа ажээ.


  • “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно


Дэлхийн томоохон орнуудын удирдагчид “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японы Осака хотод хүрэлцэн очно. Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудалд анхаарал татахуйц олон сэдэв багтаж байгаагийн дунд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан багтаж байна. Энэхүү уулзалтын үеэр АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар мөн уулзана. “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний сүүлийн уулзалт өнгөрсөн 12 дугаар сард Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон билээ. 

Холбоотой мэдээ