Орон нутгийн замд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-19 17:19:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас урин дулааны цагт Хөвсгөл нуурыг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас нийт ард иргэдийг хурдаа тохируулан зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Өнгөрсөн онд зам тээврийн осолд 40 хүн өртөн, 31 хүн гэмтэж 9 хүн амь насаа алдсан байна.  

Амь насаа алдсан 9 хүний 6 нь орон нутгийн замд осолджээ. Тус тасгаас орон нутгийн замд хяналт шалгалт хийхэд нийт хөдөлгөөнд оролцогчдын 70-90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-80 км цагаар хэтрүүлдэг, зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг, шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил их илэрчээ. Иймээс хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхааруулан сэрэмжлүүлэв.

Холбоотой мэдээ