Монголын өв уламжлалыг таниулсан “Ёс заншлын өргөө” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-13 17:50:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭБаян-Өндөр сумын ЗДТГ-ын санаачилгаар Бүрэнбүст уулын энгэрт “Ёс заншлын өргөө” байгуулж байна. Үүнийг 21 аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 28 үндэстэн, ястны өв уламжлал, түүх, соёлыг харуулсан гэр, эд хэрэгсэл, хоол хүнс зэргийг дэлгэн толилуулах юм.  

Тухайлбал, арьс, шир элдэх, боловсруулах, дээс томох, цагаан идээ боловсруулах аргыг олон нийтэд танилцуулна. Ингэснээр залуу, хойч үедээ уламжлалт зан заншил, түүхийг таниулах, уламжлуулах давуу талтай юм. Мөн 22 м диаметртэй, 380 м.кв талбай бүхий монгол гэр барина. Уг гэрт хуримын ёслол ч үйлдэж болох ажээ.

Орхон аймаг, Эрдэнэт хотыг байгуулаад 43 жил болж байна. 1976 онд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад гар бие оролцохоор 18 аймгаас 1000 гаруй залуус ирж байсан юм. Өдгөө олон үндэстэн ястны өлгий нутаг болсон тул дээрх санаачилгыг гаргасан гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт хэллээ. 

Холбоотой мэдээ