Эмэгтэйчүүд өрхийн орлогоо гурав дахин нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-12 21:06:00

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилт тавьсан билээ. Энэ зорилтын хүрээнд 24 сумын 3200 гаруй эмэгтэйчүүд зүү ороох оёдол сурсан бол эсгий, зөөлөн оёдлын сургалтад 320 орчим эмэгтэй сураад байгаа талаарх мэдээллийн МЭХ-ны Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.

Анх 2017 оноос шат дараалан эхлүүлсэн оёдлын сургалтыг аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, ЗДТГ хамтран явуулснаар өдгөө Завхан аймгийн 24 сумын эмэгтэйчүүд монголын уламжлалт зүү ороох оёдлыг сурчээ. Эдгээр эмэгтэйчүүд өнөөдрийн байдлаар гэрээрээ зөөлөн оёдол, уран хатгамлын төрөл бүрийн бүтээгдэхүүн урлаж "Хамтын хүч" нэртэй нэрийн дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Харин уран хатгамлын хоёр дахь шатны сургалтаар давхардсан тоогоор 8000 эмэгтэй зүү ороох гоёлын оёдол хийж сурсан аж. Эдгээр эмэгтэйчүүд бүтээлээ томоохон үзэсгэлэн худалдаануудад танилцуулж борлуулахаас гадна захиалагчдын хүсэлтээр олон тоо ширхэгтэй бүтээлийг урлах захиалгыг сумын түвшиндээ авч урладаг байна. Түүнчлэн уран хатгамлаас гадна европ хувцасны эсгүүр оёдлын дамжааг мөн бодлогоор дэмжиж он гарсаар 120 гаруй иргэн сургалтад хамрагджээ. Сургалтыг дахин давтан хийснээр олон эмэгтэй өөрийн гэсэн чадвартай болж цаашид өрх гэртээ үйлдвэрлэл явуулж өрхийн амьжиргаандаа нэмэр болох, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байнгын захиалагчтай болох давуу талууд бий болоод байгаа. Дашрамд дуулгахад анхны сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд өөрсдийн өрхийн орлогыг сүүлийн хоёр жилийн хугацаанд даруй гурав дахин нэмээд байна гэлээ.

Эмэгтэйчүүдийн бүтээлүүдийг нэг

дороос худалдаж авна

Завхан аймгийн “Хамтын хүч-хөгжлийн гарц” төв нь байгуулагдаад хоёр жил болж байна.

Өдгөө тус төвийн байран дээр 24 сумын эмэгтэйчүүдийн гараар урласан эсгий болон зөөлөн оёмол, хүнсний болон модон зэрэг 80 шахам төрлийн бүтээгдэхүүнийг байнга борлуулж байна. Мөн ажилгүй 30 иргэнд эсгийгээр бүтээгдэхүүн хийх 14 хоногийн сургалтыг хийж амжилттай төгсгөн анхны бүтээгдэхүүнээ төвөөрөө дамжуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ.

Үзэсгэлэн худалдаанд хонины болон тэмээний ноосыг гараар, машинаар сэмлэн боловсруулж 36 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ. Эмэгтэйчүүд эсгийгээр ороолт, бойтог, олбог, зээгт наамал, усан хээгээр чимэглэсэн олбог дэвсгэр, алаг мэлхийн суурь, ширмэл ширдэг, малгай, хантааз гэхчлэн эсгийгээр гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлийг хүртэл уран хатгамал, эсгийг хамтатган урлажээ. 

Дашрамд энэ төв нь аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ борлуулалтад дэмжлэг үзүүлэх, нутгийнхаа хөгжилд хамтын хувь нэмрээ оруулах зорилготой. Нутгийн баялаг бүтээгчдийн гараа гаргаж, сэтгэлээ шингээн урласан бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн сургалт, санхүүгийн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, татвар, санхүүгийн тайлан гаргах гээд олон талын цогц дэмжлэгийг эмэгтэйчүүдэд үзүүлж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ