Үндэсний оношилгоо, эмчилгээний төв удахгүй ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2019-06-13 20:22:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн хажууд өргөтгөл болгон барьсан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцав.  

Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, программ хангамж бүхий  тус төв ашиглалтад удахгүй орно.  Энэ төвийн барилгын ажлыг чанартай гүйцэтгэжээ. Харин одоо 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулах, тоног төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж шалгах, гэрээнд тусгасан техникийн тодорхойлолт хангаж буй байдлыг нь хянах, баталгаажуулах комисс  ажиллаж байна. 

"Самсунг си энд ти" консорциумын туслан гүйцэтгэгч "Женерал электроникс" компанийн 29 гадаад мэргэжилтэн хоёр сарын хугацаанд угсрах, суурилуулах ажлыг гүйцэтгэх юм байна. Мөн Монгол талын хөрөнгөөр Эмчийн хөгжлийн төвийг байгуулж, резидент эмч, мэргэжилтнүүдийн дадлага хийх  тохилог орчин бий болно гэдгийг УХНЭ-ийн захирал Г.Баясгалан тодотгож байв.

Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид үүрэг болголоо.

Холбоотой мэдээ