Чехүүд Ерөнхий сайдаа огцрoхыг шаардан жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-12 17:07:10

ПРАГА. /TASS/. “Сэтгэл хангалуун бус иргэдийн үйл ажиллагаа” улс төрийн намын дарга, тэрбумтан  Андрей Бабишийг Чехийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулахыг шаардсан эсэргүүцлийн ажиллагаа мягмар гарагт тус улсын 300 сууринд болсон байна. Энэ тухай "Чехийн радио" мэдээлжээ.  


Хамгийн олон буюу 6000 гаруй хүн оролцсон жагсаал Чехийн зүүн хойд нутагт оршдог Брно хотод болжээ. Хот суурин газруудын дийлэнхэд нь болсон жагсаалуудад хэдэн арваас хэдэн зуун хүн оролцсон байна.


Харин нийслэл Прага хотод мягмар гарагт Бабишийг эсэргүүцсэн жагсаал болоогүй байна. Ийм шийдвэрийг эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчид нь гаргажээ. Чехийн нийслэл хотын иргэд долоо хоногийн өмнө жагссан бөгөөд зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаанд 120 мянга орчим хүн оролцсон байна. Харин цагдаа нар 70 мянган хүн оролцсон гэж мэдээлжээ. Прага хотод Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан дараагийн жагсаалыг зургадугаар сарын 23-нд зохион байгуулахаар товлосон байна.  


Бабишийг огцруулахыг шаардсан жагсаал Чех улсад дөрөвдүгээр сараас хойш болж байгаа юм.  Эсэргүүцлийн ажиллагаа өрнөх болсны шалтгаан нь тус улсын хэвлэлүүдэд Европын Комиссын аудитын тайлан нийтлэгдсэний дараа Ерөнхий сайдын эргэн тойронд үүссэн дуулиан шуугиантай холбоотой юм. Уг баримт бичигт Чехийн сайд нарын танхимын тэргүүний хувийн болон төрийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгааг нотолжээ. 


Харин Бабиш огцрох бодолгүй байгаа бөгөөд өөрийг нь буруутгасныг няцаажээ. Тэрбээр эсэргүүцлийн ажиллагаанд оролцож буй улс төрийн өрсөлдөгч нартаа хандан улс төрийн нам байгуулж, парламентын ээлжит сонгуульд эсвэл орон нутгийн сонгуульд өөрийнх нь тэргүүлдэг намтай өрсөлдөхийг уриалжээ. Хэдийгээр эсэргүүцлийн ажиллагаа болж байгаа боловч түүний намыг сонгогчдын дийлэнх нь дэмждэг болохыг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулсан байна.


Холбоотой мэдээ