Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хууль зүйн шаардлага хангаагүй хэмээн Ерөнхийлөгч үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-12 13:11:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авахыг мэдэгдэв.


Уг албан бичигт:


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхээр зэхэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болж буй гол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл ойлголцолд тулгуурласан байдлаар явагдах нь зүйд нийцнэ.


Монгол Улсын Их Хурлаас 1999, 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан туршлага бий. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байсан бол 2000 оны нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон шүүмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэж үзэж болно.


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчингүй болдог, эсхүл шүүмжлэл маргаан дагуулдаг энэхүү байдал нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргах гол шалтгаан, бодит үндэслэл болсон юм.


Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төсөл боловсруулахаасаа эхлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдах ёстой.


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна” гэж заасан бол уг зүйлийн 10.1.3-т “төслийн талаар Ерөнхийлөгчөөс санал авсан байх” шаардлагатай гэдгийг хуульчилсан.


Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах тухай” 7451 дүгээр албан бичгээр, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий гишүүдийн гарын үсэгтэй, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 8/7586 дугаар албан бичгээр тус тус хандаж, утга агуулгын асар зөрүүтэй хоёр төсөл ирүүлсэн тул Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ТГ/254 дүгээр албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанд тусгайлан хандаж санал өгөх төсөл болон холбогдох бусад материалын эцсийн хувилбарыг ирүүлэхийг хүссэн. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй бөгөөд уг төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэвлэлийн мэдээнээс анх олж мэдсэн болно.


Иймд хууль зөрчсөн байдлаар өргөн барьсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авна уу гэжээ

Холбоотой мэдээ