Японы Ерөнхий сайдын Иранд хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-12 11:11:14

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн Иран улсад хийх айлчлал лхагва гарагт эхэлнэ. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухан болон шашны удирдагч аятолла Али Хаменеитэй уулзана. Японы Ерөнхий сайд 1978 оноос хойш анх удаа Иранд айлчилж байгаа нь энэ юм.


Японы сайд нарын танхимын ерөнхий нарын бичгийн дарга Ёшихэдэ Сугагийн онцлон тэмдэглэснээр, энэхүү айлчлал нь Токио болон Тегераны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойтой холбоотой ажээ. Японы Ерөнхий сайд өөрөө мэдэгдэл хийхдээ, Иранд айлчлах үеэрээ хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 


Абэ Иранд айлчлахынхаа өмнө Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсын дээд удирдлагуудтай, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар зөвлөлджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Японд айлчлах үеэрээ АНУ болон Ираны хооронд Абэгээр зуучлагчийн үүрэг гүйцэтгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Япон болон Иран улсын удирдагчид хоорондоо сайн харилцаатай байдаг гэдгийг Цагаан ордны тэргүүн сануулсан билээ.


Киодо агентлагийн мэдээлж байгаагаар, Абэгийн Иранд айлчлах асуудлыг АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтонтой тавдугаар сарын 24-нд Токиод хэлэлцжээ. Үүний өмнө тавдугаар сарын 16-нд Абэ Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай Токиод уулзсан байна.


Тегеран болон Вашингтоны харилцааг сайжруулахад Японы Ерөнхий сайд зуучлагч хийж болох юм. АНУ цөмийн гэрээнээс гарсны дараа хоёр улсын харилцаа хурцадсан билээ. "Майнити" сонинд мэдээлснээр, Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Абэтэй уулзах үеэрээ нефтийн хоригийг цуцалсан тохиолдол АНУ-тай яриа хэлэлцээ хийнэ гэдгийг мэдэгдэхээр төлөвлөж байгаа аж. 


Үүний сацуу, Японы шинжээчдийн онцлон тэмдэглэж буйгаар, хэрэв Ираны үйлдэл нөхцөл байдлыг муутгах хүчин зүйл болсон бол Японы Ерөнхий сайд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой. Гэтэл  нөхцөл байдал эсрэгээрээ цөмийн гэрээг нураах алхмыг АНУ эхлээд хийсэн билээ.


2015 онд Ираны цөмийн асуудлаар байгуулсан Үйл ажиллагааны цогц төлөвлөгөөнөөс АНУ гарсныг Трамп тавдугаар сарын 8-нд мэдэгдсэн билээ. Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарласны хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тус улсын эсрэг авсан холбогдох хориг, мөн АНУ болон Европын Холбооны дангаар авсан хориг арга хэмжээнүүдийг цуцалсан юм. Ираны нефтийн худалдаанд тавьсан Америкийн хоригийг 11 дүгээр сард сэргээсэн билээ.


Вашингтонд үзүүлж буй эсэргүүцлээ үргэлжлүүлэхийн тулд АНУ-тай цаашид хэлэлцээ хийхээс татгалзсан гэж Ираны шашны удирдагч Али Хаменеи өнгөрөгч тавдугаар сарын дундуур Межлисийн /парламент/ депутатууд, өндөр албан тушаалын түшмэдтэй уулзах үеэрээ мэдэгджээ. Харин дараагийн өдөр нь Трамп Иран улс АНУ-тай хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Холбоотой мэдээ