Сонгуулийн үеэр гарсан зөрчлийг хянан шийдвэрлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-11 10:44:17

БРЮССЕЛЬ. /TASS/. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ ажиглагчдын илрүүлсэн зөрчлийг хянан шийдвэрлэхийг Европын Холбоо /ЕХ/ Казахстан улсад уриалаад, тус улсад шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Ийм мэдэгдлийг ЕХ-ны гадаад бодлогын газрын албан ёсны төлөөлөгч хийжээ.


“Сонгуульд бэлдэх хугацаа хэдийгээр давчуу байсан боловч зохих журмын дагуу болж өнгөрлөө, гэсэн хэдий ч зөрчил илэрсэн, тухайлбал, санал тоолох явцад зөрчил гарсан” гэж ЕАБХАБ-ын ажиглагчдын багийн тусгай зохицуулагч Георгий Церетели даваа гарагт Нур-Султан хотод хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэрээ мэдээлсэн байна. Нур-Султан болон Алматы хотод сонгуулийн өдөр баривчилгаа явуулж, жагсаалыг “хүчээр” тараасан тохиолдол гарсныг ЕАБХАБ-ын ажиглагчид хэвлэлийн бага хурлын үеэр онцлон дурдаад, энэ нь байж боломгүй явдал гэж мэдэгджээ.


“Энэ бүхнийг харгалзан бид илэрсэн зөрчлийн талаар арга хэмжээ авахыг Казахстаны эрх баригчдаас хүлээж байна. Казахстан улстай байгуулсан түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай гэрээний хүрээнд ЕХ-ны зүгээс тус улсад шинэчлэл хийх, үндсэн эрх чөлөө болон иргэний эрх ашгийг хамгаалахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэж тус холбооны гадаад бодлогын газрын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдэлд дурдсан байна.


Казахстан улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ням гарагт болсон бөгөөд тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев анх удаа оролцоогүй билээ. Төрийн тэргүүний албан тушаалын төлөө Казахстаны одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаеваас гадна зургаан хүн өрсөлдсөн юм. Тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, урьдчилсан дүнгээр Токаев 70.76 хувийн санаалтайгаар ялж байна. Сонгогчдын ирц урьдчилсан байдлаар 77.4 хувьтай гарчээ.


Сонгуулийн кампанит ажил болон санал хураалтын үеэр, санал тоолох явцад ямар нэг зөрчил илрээгүй тайван болж өнгөрсөн гэж ЕАБХАБ-ын Ардчилсан институц ба хүний эрхийн товчооны ажиглагчид зургадугаар сарын 10-нд мэдээлж байв.


Холбоотой мэдээ