Солонгост харласан иргэд хуулийн байгууллагын тусламж авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-10 18:14:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Солонгост харласан иргэд хуулийн байгууллагын тусламж авах боломжтойг БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас мэдээлжээ. 


Тодруулбал, танхай, барьцаа, гэрийн хорио, зодох, бэлгийн хүчирхийлэл, хулгай, дээрэм, залилан, биеийг нь үнэлүүлэх зэрэг гэмт хэргийн хохирогч болсон иргэд "Хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо"-нд хамрагдах боломжтой аж. Харин хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй зэрэг иргэний болон хөдөлмөрийн маргаан, гэмт хэргийн хохирогч боллоо гэж хуурамч мэдээлэл өгсөн этгээд, харилцан зодолдсон этгээдэд хамаарахгүй юм.


Солонгост хууль бусаар оршин суудаг гадаадын иргэд дээрх тогтолцооны талаар мэдлэггүйн улмаас, хууль бусаар амьдарч байгаагаасаа эмээн хууль хяналтын байгууллагаас тусламж авч чадахгүй байгаа тохиолдол их гардаг байна. 


Гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах төвийн www.safe182.go.kr, Цагдаагийн газрын өргөдөл, гомдол хүлээн авах төвийн http://minwon.police.go. цахим хуудас болон цагдаагийн газар өөрийн биеэр ирж мэдэгдэх боломжтой.

БНСУ-ын үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яам хамтран хэрэгжүүлж буй уг тогтолцоог 2013 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө тус хөтөлбөрт 822 хүн хамрагдсан байна.

Холбоотой мэдээ