АНУ, Бразил цэргийн хамтарсан сургуулилт хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-30 13:16:59

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Ирэх наймдугаар сард болох олимпын наадамд бэлтгэх ажлын хүрээнд Бразилын Тэнгисийн цэргийнхэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан цэргийн сургуулилт хийж эхэлжээ.

Хоёр улсын Гуанабара буланд хийж байгаа цэргийн сургуулилтын үеэр террористуудын барьцаалсан хөлөг онгоцыг чөлөөлөх загвар сургуулилтыг хийсэн байна. Уг буланд олимпын наадмын дарвуулт завины тэмцээн болох юм.

Гал нээх, хаалттай орон зайн тулаан хийх, анхны тусламж үзүүлэх, харилцаа холбоо тогтоох болон хөлөг онгоцонд суух сургуулилтыг хийнэ гэж Бразилын ахмад, уг сургуулилтын үйл ажиллагаа хариуцсан дарга Луиш Гильерме Рабеллу мэдэгдэв.

Олимпын наадам болох гэж байгаатай холбогдуулан Бразилын аюулаас хамгаалах хүчний бэлэн байдлыг нэмэгдүүлэхээр хоёр улсын Тэнгисийн цэргийн хүчнүүд ирэх сарын дунд үе хүртэл хамтран ажиллана.

Сүүлийн саруудад дэлхий дахинд террорист халдлага газар авч байгааг харгалзан үзэж, ийм төрлийн халдлагаас сэргийлэх бэлтгэл, төлөвлөгөөг цэргийн сургуулилтад оруулах шийдвэрийг олимпын наадмын үеэр аюулгүй байдлыг хангах албаны хүмүүс гарсан гэж  Рабеллу мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ