Монголд экспортлох гэж байсан сүүнээс пенициллин илэрчээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-30 12:09:44

АЧИНСК. /vesti/. ОХУ-ын Красноярскийн хязгаарын Ачинск хотын үйлдвэрийн сүүнээс пенициллин илэрчээ. Ийм антибиотикийг Монгол руу экспортлох ёстой байсан их хэмжээний сүүнээс илрүүлсэн байна.

Насанд хүрсэн хүн ганц аяга пенициллинтэй сүү ууснаас болж ходоод хямарч, харшил үүсч болзошгүй байна. Нөхцөл байдлыг тодруултал аюултай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн үйлдвэрийн нэрийг нууцалж байгаа аж. Тус үйлдвэрийн сүүнүүд супермаркетуудад худалдаалагдаж байгаа бөгөөд антибиотик одоогоор зөвхөн нэг хэсэг л сүүнээс илэрсэн учир худалдаанаас эргүүлэн татах үндэс байхгүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Уг үйлдвэр шударга бус нийлүүлэгчтэй таарсан бололтой. Ханиадыг нь саяхан эмчилсэн үнээний сүүнээс антибиотик илэрсэн байж магадгүй. Мэргэжилтнүүд учир байдлыг тодруулж байгаа аж. “Захиргааны шалгалт 30 хоног үргэлжилнэ. Шалгалтын дүн гарсны дараа захиргааны хариуцлага тооцно. Торгуулийн хэмжээ 100-300 мянга хүртэл рубль болно” ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын газрын Красноярскийн хязгаарыг хариуцсан хэлтсийн дарга Рамиль Байгудин мэдээлжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ