Хонжворт сугалааны супер азтан 2 өрөө байрны эзэн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-07 22:57:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Шашин төрийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой долдугаар сард тохиож буй. Их хүмүүний хишиг болгож, залуу хос болон орон гэргүй 380 айлыг орон гэртэй болгох зорилгоор өндөр хонжвор бүхий сугалааг ойг зохион байгуулах комиссоос хэвлэн гаргажээ.

Тус сугалааны супер хонжвор 2 өрөө байр байх бол приүс 30 автомашин - 3, азарга адуу - 3, суурь хонь - 3, монгол гэрийн иж бүрэн тавилга - 5, ширэн гөлөм - 10, арслантай авдар - 20, нум сум - 20, 100 азтан цахилгаан бараа, 100 азтан Шаргалжуут рашаан сувилалд амрах эрхийн бичгийн эзэн болно.

Тодорхой тоогоор хэвлэгдэн гарсан тус сугалааны үнэ 10 мянган төгрөг бөгөөд сугалаа нэг бүрийн төлбөр 380 айлыг орон гэртэй болгох хүмүүнлэгийн үйлсэд зориулагдах аж.

Дашрамд, Баянхонгор аймгийн бүх сумын багийн төвүүд дээр сугалааны борлуулалт эхэлсэн бөгөөд тохирлыг ирэх сарын 21-ний 19:00 цагаас Үндэсний малчин ТВ /Ддиш-ийн 27, Юнившний -64 суваг/-ээр шууд дамжуулна.

Холбоотой мэдээ