БНАСАУ 300 тонноос бага хэмжээний хүмүүнлэгийн тусламж авахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын эрх баригчид 300 тонноос бага хэмжээний хүмүүнлэгийн туслалцааг хүлээн авахгүй байхыг зөвлөсөн удирдамж гаргажээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “KBC” суваг Умард Солонгосын зүүн хойд нутгийн Хамгён-Пукто муж дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.
Тус сувгаар мэдээлснээр, ардын хороодын дэргэдэх гадаадад буй нутаг нэгтнүүдтэйгээ холбоо тогтоох хэлтсүүд холбогдох захирамжийг тавдугаар сарын сүүлээр хүлээж авчээ. Америкийн төрийн бус нэгэн байгууллага БНАСАУ-д 25 тонн хүнсний тусламж үзүүлэх хүсэлтээ тавдугаар сарын дундуур илэрхийлсэн боловч тус улсын эрх баригчид хэмжээ нь бага гэх шалтгаанаар татгалзсан гэж өөр нэг эх сурвалж мэдээлсэн байна.
“KBC” сувгийн санал асуулгад оролцсон шинжээчдийн үзэж байгаагаар бол ийм шийдвэр гарах болсны шалтгаан нь гадаадын төрийн бус байгууллагуудтай байнга харилцаатай байх нь гадаадын иргэдтэй хамтран ажиллаж буй байгууллагуудын ажилтнуудын дунд үзэл суртлын хямрал үүсгэж болзошгүй гэх Пёньяны болгоомжлолтой холбоотой аж.
2019 онд БНАСАУ-д их ган гачиг нүүрлэх төлөвтэй байна. Нэгдүгээр сараас тавдугаар сарын 15-ны хооронд ердөө 56.3 мм хур тунадас унасан нь сүүлийн 102 жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээ юм. Умард Солонгосын хэвлэлүүд усны шинэ эх үүсвэрүүдийг хайж, их ган гачигтай тэмцэхийн тулд хувьсгалт арга хэмжээ боловсруулахыг иргэддээ уриалсан байна. Үүний сацуу, БНАСАУ-ын 10 сая гаруй иргэн хоол хүнсний хомсдолд орсон бөгөөд тэдэнд дараагийн ургац хураалт хүртэл хүрэлцэх хангалттай хоол хүнс байхгүй байгаа болохыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хөтөлбөрийн төлөөлөгчид мэдээлжээ.
Үүний гол шалтгаан нь тус улсад өнгөрсөн жил цаг агаарын нөхцөл таагүй байсны улмаас ургац алдсантай холбоотой юм. Хэрэв энэ жил ган гачгийн улмаас дахин ургац алдвал олон сая иргэнд өлсгөлөн нүүрлэж болзошгүй байна.