“Amazon” хүргэлтийн шинэ дроноо танилцуулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-06-07 13:13:58

ВАШИНГТОН. /Business Insider/. АНУ-ын Невада муж улсын Лас Вегас хотноо зохион байгуулж буй хиймэл оюун ухаант технологи хөгжүүлэгчдийн арга хэмжээний үеэр “Amazon” компани хүргэлтийн шинэ дроноо танилцуулсан байна.


Энэхүү бүтээл нь бараа бүтээгдэхүүний тээврийн хугацааг бууруулахад ихээхэн хувь нэмрээ оруулах бөгөөд “Amazon” компанийн төлөөлөгч Жефф Вилкегийн мэдээлснээр, цахилгаанаар ажилладаг шинэ дроныг ойрын хэдэн сарын хугацаанд ашиглалтад оруулах  аж. 24 гаруй километр нисэх хүчин чадалтай уг дрон нь 2.2 килограмм хүртэлх жинтэй ачааг 30 минутын дотор хэрэглэгчийн гарт хүргэх ажээ.


“Дрон нисэх чигээ сайтар тогтоож, зорьсон газраа аюулгүй хүрч, илгээмжээ бүрэн бүтэн хүргэхэд зориулан “Amazon” компани хиймэл оюун ухааны салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна” гэж Ж.Вилке хэлжээ. “2012 оноос хойш “Amazon” компани үйл ажиллагаандаа 200 мянга гаруй роботыг ашигласан” гэж тус компанийн дэд ерөнхийлөгч, робот техникийн инженер Брэд Портер хэлсэн байна.


Amazon” компаниас зургадугаар сарын 4-7-нд зохион байгуулж буй хиймэл оюун ухаант технологи хөгжүүлэгчдийн арга хэмжээнд Хятад, Канад, Австрали, Герман зэрэг 46 орны төлөөлөгчид оролцож байгаа ажээ. 

Холбоотой мэдээ