Г.Дэмүүл арслангийн өргөсөн 380 кг чулууг өргөж өрсөлджээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-06 09:44:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүлийн ид залуу насандаа өргөж байсан 380 кг чулууг өргөх тэмцээн Өмнөговь аймгийн Манлай суманд болжээ.


Г.Дэмүүл арслангийн нэрэмжит, улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 5-нд  болсон бөгөөд энэ үеэр тус тэмцээнийг зохион байгуулжээ.


Тэмцээнд нийт долоон баг оролцсоноос тэргүүн байрыг А/А Э.Нямаа, А/А Цэдэнсодном /30.65 секунд/ хоёрдугаар байрыг У/Н Ц.Одбаяр, У/З Т.Санчир /10.50 секунд/, гуравдугаар байрыг У/А Д.Ганхуяг, У/Н Ш.Дарханбат /8.55 секунд/ өргөж эхний гурван байрт тус тус шалгарсан байна.


Дашрамд сонирхуулахад, Г.Дэмүүл арсланг үнэхээр бяр хүчтэй хүн байсан талаар бөх судлаач, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Зэвсэгийн 1995 онд хийсэн ярилцлагаас хэсэгчлэн толилуулж байна.



С.Зэвсэг: -Бөхчүүдийн бярны талаар ахин яриа өдөхөд та тун бяртай байж. Нөгөө нэг айлын хөхүүртэй айраг авч явсан тухайгаа яриач?


Г.Дэмүүл: -Намар нэлээд оройхон, Д.Батмөнх гэж жолоочтой хамт хоёр машинтай Өмнөговиос гараад Хужирт орохоор давхиж явлаа. Айраг уумаар санагдаж байгаа гэж хачин. Хужиртаас нэлээд урагш хуучин Шанх гэж байсны ойролцоо юмуу даа. Унага уячихсан, адуутай нэг айл харагдлаа, очих гэсэн наана нь машин орохооргүй сүрхий жалгатай юм. Тэгэхээр нь алхаад очлоо. Нэг км орчим л газар байсан болов уу. Айлд яваад орсон идээ, цай амсуулчихаад айраг амсуулах янзгүй. Сайхан том хөхүүртэй айраг шуугиад л, ёстой хорхой хүргэж байна. Таван литр айраг худалдана уу гэсэн дургүй байгаа бололтой. Манайх явуулын хүнд айраг зардаг айл биш гэж байна. Жаахан дургүй хүрлээ. Эвгүй ч үг хэлсэн биз. Гэрийн эзэн бололтой хүн: Чи яасан омогтой шартай хүн бэ? Даадаг юм бол наад хөхүүртэй айргаа аваад яв л даа гэж байна. Дургүй хүрч байна гэж хачин, босоод хөхүүрийг нь тайлж аваад шууд үүрээд гарах гэсэн чинь хаалгаар нь багтдаггүй шууд зүтгүүлсээр байгаад гарлаа. Тэр чигтээ алхчихсан. Гэрийн эзэн биднийг дагаад л алхаад байх юм. Тэгснээ гэрийн эзэн даахгүй, газар тавибал буцааж гэрт хүргэж өгнө шүү гэж байна. Дуугарсан ч үгүй, яваад л байлаа. Харин нөгөө гүнзгий жалганд орчихоод гарч чаддаггүй, мацсаар арай гэж ирмэгт хүрэхээр буцаад гулсчих юм. Бараг хумсаа хууртал газар маажиж байж гараад машиныхаа дэргэд тавьж, дээшээ гарангуут шууд татаж гарган аравчнаасаа уялаа. Тэр газраас нэг юм үүрээд авчирсан юм чинь машин дээр гаргах амархан байлгүй яахав. Тэгээд шууд давхичихсан, нөгөө айлын хүмүүс ч зогсоод хоцорлоо. Нэлээд хол очоод айргаа ёстой 5,10 литрээр нь уулаа даа. Сайхан ч гэж хачин юм. Тэгээд яахав замдаа ууж явсаар аймгийн төвд ирлээ. Тэгэхэд Октябрийн баяр болж байсан юмдаг. Найз нөхөд уусаар сүүлд 40 литр айраг үлдсэн байж билээ. Тэгэхээр лав 200 гаруй литр айраг байсан байх. Дараахан хөхүүрийг нь эвхэж, нэг шил архи, чихэр, талх, боов аваад нөгөө айлдаа очсон чинь хавчиг модон хувинд айргаа эсгэчихсэн их сайхан зантай айраг аягалаад л сүрхий байна. Би хөхүүр боов чихрээ өгөхдөө: Танайх чинь хөхүүр айрагтай байхдаа хүнд амсуулдаггүй хавчиг савтай болохоор сүрхий өглөгч болох юмаа. Хөхүүр чинь томдоод, занг чинь эвдээд байгаа юм байна даа гэж билээ. Ийм л юм болсон доо.



С.Зэвсэг:-Тэгэхээр та чинь 250-иад литр юм үүрээд нэг км шахам газар амралгүй явчихсан байх нь ээ. 200 орчим литр айргийг 200 кг гэж бодоход, тийм хэмжээний айраг багтдаг нойтон ширэн хөхүүр чинь наана бодоход 40-50 кг байна биз дээ.


Г.Дэмүүл: - За мэдэхгүй тэр анзааны л юм байгаа биз дээ. Сүрхий л хүнд золиг байна билээ.

 

Холбоотой мэдээ