“Алтан хальс” олон улсын кино наадмын онцлох бүтээлүүд

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-06-05 15:01:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


“Монголын кино институт”-ээс 7 дахь жилдээ зохиож буй "Алтан хальс" олон улсын кино наадам "iCinema" кино театрт энэ сарын эхний долоо хоног үргэлжлэн зохион байгуулагдана. Тодруулбал энэ сарын 4-8-ны хооронд болох юм. “Монголын кино институт”-ийн баг хамт олон энэ жилийн "Алтан хальс" наадмаар дэлхийн шилдэг бүрэн хэмжээний кинонууд, уралдаант хэсгийн богино бүтээлүүдийг ч үзэгчдэд хүргэнэ. 


Наадмын гол зорилго нь залуу уран бүтээлчдэд чанартай уран бүтээл туурвих сэдэл төрүүлэх, тэдний мэдлэг болоод ур чадварыг дээшлүүлэх  юм. Тиймээс энэ жил Польшийн зураглаач Артур Журавскийг урьж Монголын залуу кино уран бүтээлчдэд зориулан “Эхэнд үг байсан” нэртэй сургалт зохион байгуулахаар болсон. Тэрээр баримтат, богино хэмжээний кино болон телевизийн цувралууд бүтээж байсан арвин туршлагатай нэгэн бөгөөд 2011 оноос А зэрэглэлийн Болливуд кинонууд дээр ерөнхий зураглаачаар ажиллажээ. Залуучууд түүний туршлага, арга барилаас суралцах зүйл их гэж найдаж байна.


Энэ жилийн нээлтийн үзвэрт Хятадын зургаа дахь үеийн кино найруулагч Ван Чюананий “Өндөг” кино үзэгчдэд хүргэсэн юм. Тус кино 69 дэх удаагийн Берлиний ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт дэлхийн нээлтээ хийсэн билээ. Мөнхүү монгол уран бүтээлчид оролцсон гэдгээрээ онцлогтой. Тэр дундаа Монголчуудын дунд “Ноён солиот”-ын дүрээр алдаршсан жүжигчин Д.Бямбацогт туслах найруулагч, гүйцэтгэх продюсероор ажиллажээ.


Хятад найруулагч Ван Чюананий мастер класс /сургалт, хэлэлцүүлэг/ болохоос гадна наадмын 4 дэх өдөр “Кино төслөө хэрхэн олон улсын кино наадам, түгээлтэд бэлдэх вэ?” сэдэвтэй сургалт зохиогдоно. Хамгийн сүүлд наадмын бас нэгэн хүндэт зочин Сингапур найруулагч Ү Жүнь Фөний мастер класс зохиогдох буюу нийт гурван удаагийн томоохон сургалт үнэ төлбөргүй явагдана.

-АЛТАН ХАЛЬС КИНО НААДМААС САНАЛ БОЛГОХ БҮТЭЭЛҮҮД-


ДЭЛГҮҮРИЙН АЖИЛЧИД




Монгол дахь “Гёте институт” нь “Алтан хальс” холбоотой үргэлж хамтран ажилладаг билээ. Тэд энэ онд олон улсын кино наадмын хүрээнд Томас Штуберын “Дэлгүүрийн ажилчид” бүтээлийг толилуулж байна. Тус кинонд хоёр Герман нэгдсэний дараах үр дагаварт шууд болон шууд бусаар өртсөн хүмүүсийн тухай өгүүлдэг байна. Гол дүрийн залуу болох Кристиан нэгэн дэлгүүрийн ундааны агуулахад шинээр ажилд ордог. Энэ үеэс хойш дэлгүүрийн амттаны тасгийн ажилтан Марион гэх бүсгүйд ухаангүй дурлах ба түүнгүйгээр энэ ертөнц утга учиргүй санагдах болно.


БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ЦОМОРЛИГ


Наадмын дөрөв дэхь өдөр “Гёте институт” богино хэмжээний бүтээлүүдээс бүрдсэн “Short Export хөтөлбөрийг толилуулна. 14 дэхь жилдээ зохиогдож буй энэ хөтөлбөрт дэлхийн олон улсад үзэгчдийн хүртээлж болж буй Германы хамгийн сүүлийн үеийн шилэгдмэл богино хэмжээний кинонууд багтжээ. Хөтөлбөрийн хүрээнд танилцуулж буй тус долоон бүтээл нь Германы богино кино урлагийн уран сайхан, гоо зүй болон агуулгын олон талт байдлын илэрхийлэл билээ.


ДАГАЛДАН




Сингапурын шинэ давалгааны хамгийн чухал төлөөлөгч Ү Жүнь Фөн “Элсэн цайз”, “Дагалдан” хэмээх хоёр ч бүрэн хэмжээний кино найруулснаас гадна түүний хэд хэдэн богино кино нь олон улсын шагнал хүртэж байжээ. Энэ удаагийн “Алтан хальс” наадмын хүндэт зочдын нэг болох Ү Жүнь

Фөны “Дагалдан” кино нь арга хэмжээний гурав дахь өдөр үзэгчдийн хүртээл болох юм.


Киноны гол дүрийн баатар 28 настай Айман хэмээх шоронгийн харгалзагч эр Сингапурын хамгийн чанга дэглэмтэй хорих ангиудын нэгт шилжиж ирнэ. Удалгүй шоронгийн цаазын ял гүйцэтгэгч Рахимын дагалдангаар ажиллах болдог. Уг нь бүтээл нь Каннынн кино наадмын “Ан Сэртен Регар” хэсэгт шалгаран өрсөлдсөн.


БИ ЭХИЙГЭЭ ХӨНӨӨСӨН




Нэрнээсээ л шууд жихүүдэс төрүүлэм уг кино Каннын кино наадмын “Найруулагчдын хоёр долоо хоног” хэсгээс гурван шагнал хүртэж байжээ. Найруулагч Завье Долан өөрийн амьдралаас киногоо сэдэвлэсэн байна. Тэрбээр 16-тайдаа зохиолоо бичиж, 19-тэйдөө найруулж өөрөө гол дүрд нь тогложээ. Бусдын алган дээр өөрийн амьдралын үнэн мөн чанарыг илчилнэ гэдэг хувь хүнээс асар том зориг шаарддаг билээ.


БҮЛЭЭН НУРАМ


Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн хамгийн дуулиантай бүтээлүүдийн нэг болох “Бүлээн нурам” киног өргөн дэлгэцээр үзэх ховор боломж тохиож байна. Энэхүү киноны зохиолыг Хөдөлмөрийн баатар, АУЗ Б.Лхагвасүрэн асан бичсэн гэдгийг уншигчид андахгүй. Тухайн үед дотоодын орны шүүлтэнд өртөж, хориотой байсан тус бүтээл гадаадын олон наадмын шагнал хүртэж байсан юм.


Галав юүлж Агчин өвгөн Эсү, Мэсү нэрт хоёр охинтойгоо ертөнц дээр үлддэг. Өвгөн хүний мөрөөсөл болж өөрийн үр удмаа хорвоод үлдээх гэж амь тэмцэн шанална. Он цаггүй домгоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь Б.Лхагвасүрэн болон Г.Жигжидсүрэн нарын “Мөхлийн ирмэгт” цувралын 2 дахь бүтээл билээ.


ОЙРОЛЦОО ҮГС




Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романы зөрүү ойлгогддог үгсийн толийг эсрэгцэл мэт санагдах “Ойролцоо үгс” кино нь наадмын онцлох бүтээлүүдийн нэг.


Залуухан Израиль эр өөрийн үндэс угсааг нуухын тулд Франц-Еврей хэлний толь бичгийн тусламжтайгаар Парист дүрвэн амьдрана. Найруулагч Надав Лапидийн тус бүтээл нь Берлиний кино наадам 2019 –өөс дээд шагнал болох “Алтан баавгай”-г хүртжээ.

 

Холбоотой мэдээ