Түр хорооны гишүүд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны даргатай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүн Л.Болд, А.Сүхбат нар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков, Бахрейн Улсын төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн ноён Али Абдула Аларади нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан хилсээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй нь нотлогдож байгаа талаар Түр хорооны дарга Ж.Батзандан мэдээлэл өгч, эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгосон тухай танилцууллаа. Мөн хууль хяналтын байгууллагад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзуулж өгөхийг хүссэн, гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухайгаа онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд, А.Сүхбат нар уг хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхэд ОУПХ онцгой анхаарч байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Бүгд Найрамдах Серби Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо байгуулах ОУПХ зөвлөмжийг хүлээн авч, ажил хэрэг болгосон УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлсэн юм.