Онгоц барьцаалагчийг өнөөдөр шүүнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-30 09:08:39

НИКОСИЯ. /TASS/. Египетийн агаарын тээврийн “EgyptAir” компанийн “А320” онгоцыг мягмар гарагийн өглөө барьцаалсан Сейф ад-Дин Мустафаг лхагва гарагт буюу өнөөдөр шүүнэ гэж “Cyprus Mail” сонинд цагдаагийн албан ёсны төлөөлөгчийн мэдээллээс иш татан бичжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр, Египетийн иргэн болох тэрбээр Кипр улсад 1994 он хүртэл оршин суусан байна.

Бург эль-Араб /Александриа/ хотоос Каирын чиглэлд нисч байсан “EgyptAir” компанийн “А320” онгоцыг мягмар гарагт барьцаалсан юм. Урьд нь олон удаа гэмт хэрэг үйлдэж байсан онгоц булаагч этгээд болох 58 настай Сейф ад-Дин Мустафа чиглэлээ өөрчлөхийг шаардан, биедээ бэхэлсэн амиа золиослогчийн бүсийг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ. Барьцаалагдсан онгоц Москвагийн цагаар 08 цаг 50 минутад Киприйн Ларнака хотын нисэх онгоцны буудалд буусан байна. Барьцаалагч зорчигчдыг бараг бүгдийг нь суллажээ. Хэдэн цагийн дараа тэрбээр үлдсэн зорчигчид болох гадаадын хэд хэдэн иргэн болон онгоцны багийн гишүүдийн хамт онгоцноос бууж, өөрөө сайн дураараа Киприйн цагдаа нарт бууж өгчээ. Гэмт хэрэгтэнд “улс төрийн ямар ч сэдэл байгаагүй” гэж Египетийн Дотоод хэргийн яам сүүлд мэдэгдсэн байна.

Онгоц барьцаалсан Египетийн иргэнээс зэвсэг эсвэл тэсрэх төхөөрөмж илэрсэн гэх мэдээлэл нотлогдоогүй байна. Түүний амиа золиослогчийн бүс гэж сүрдүүлж байсан зүйл нь эмнэлгийн зориулалттай бүс байжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ