Хөгжил Политехник коллежийг энэ жил 27 мэргэжлээр 415 суралцагч төгсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-05 15:43:27

Ховд /МОНЦАМЭ/. Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Ховд аймаг дахь "Алтан гадас" одонт Хөгжил Политехник коллежийн 2018-2019 оны хичээлийн жилийн төгсөгчдийн эрдмийн баяр зургаадугаар сарын 05-нд боллоо.

Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж нь 1944 оноос эхлэн хөдөө аж ахуй, барилга үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр түншлэлд суурилсан чанартай сургалт явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадварлаг ажилтнуудыг бэлтгэж байна.  

Энэ хичээлийн жилд тус коллежид 1089 суралцагч суралцаж байгаа бөгөөд техникийн боловсролын 4 ангийн 57 суралцагч, нэг жилийн хугацаатай мэргэжлийн сургалтын 23 ангийн 358 суралцагч, нийт 27 мэргэжлээр 415 суралцагч төгсөж, диплом, энгэрийн тэмдэг, мэргэжлийн үнэмлэх гардан авав.

Мөн тус коллежийн шилдэг түншлэгч байгууллага болон улс, аймгийн хэмжээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн төгсөгчдийг шагнаж урамшуулсан юм. Үүнээс гадна сургуулийн удирдлагууд нэр бүхий сурагчдад ажлын байрны болон дэвшин суралцах урилга гардуулж баяр хүргэлээ.

Тус коллежийн төгсөгчдийн 60-70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ удаагийн төгсөгчдийн 30 гаруй хувь нь шууд ажлын байранд гарна гэж албаныхан мэдээллээ. 








Холбоотой мэдээ