Наадмаар зөвхөн монгол морьдоо л уралдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-04 18:44:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн наадмаас эхлэн зөвхөн монгол морьдоо уралдуулах учир жинхэнэ, сайхан наадам болно гэж Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо мэдэгдэж байна.

Монголын Үндэсний морин уралдааны уяачдын холбооны зөвлөлийн тэргүүлэгч гишүүн С.Амартайван хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд эрлийз морьдыг уралдуулах болсон нь сэтгэл эмзэглүүлж, наадам үзэхэд сэтгэлд хүрэхээ больсныг та бүхэн мэдэж байгаа. Аль ч улсад адууг үүлдрээр нь хольж уралдуулдаггүй. Аймаг, орон нутгийн уяачид хамгийн сайн хүлэг, монгол адуугаа уяж ирээд сэтгэл дундуур буцаж байгааг харахад их харамсалтай байдаг.

Олон уяач биднээс наадмаар үнэхээр монгол морь уралдах уу, тэр цагт л итгэл дүүрэн төрийнхөө наадамд тоосоо өргөх хүсэлтэй байна гэж ярьж байна. Тиймээс манай холбоо дан монгол морьдоо уралдуулж байхын төлөө ажиллана хэмээн мэдэгдэж байв.

Түүнээс гадна холбооны төлөөлөл, монголчууд адуугаа унаж эдлэхгүй болж буйд санаа зовж буйгаа илэрхийлж байв. “Монгол адуу бол дэлхийн адууны өв эцэг. Гэтэл их өвийн орон Монголд сүүлийн үед монгол адуугаа ганцхан наадмаар уралдуулах гэж л уяж байна гэв.

Холбоотой мэдээ