АНУ F-16 сөнөөгч онгоцнуудыг Болгарт нийлүүлэхээр шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-04 12:04:18

ВАШИНГТОН. /TASS/. Болгар улсад 1.673 тэрбум ам.долларын үнэ бүхий F-16C/D Block 70/72 сөнөөгч онгоцнууд болон түүний дагалдах тоног төхөөрөмжүүдийг худалдах шийдвэрийг АНУ-ын Засаг захиргаа гаргажээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газар мэдэгдсэн байна. Энэ газар нь Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу цэргийн техник, зэвсгийг хилийн чанадад нийлүүлэх асуудлыг хариуцдаг байна.


Болгар улсад 8 сөнөөгч онгоц болон дагалдах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх зөвшөөрлийг олгожээ.  


“АНУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс гэрээгээ хэрэгжүүлэх нь гадаад бодлого, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Энэхүү худалдан авалт нь агаарын орон зайгаа хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, АНУ болон НАТО-тай хамтран ажиллах боломжийг Болгар улсад олгож байгаа юм” хэмээн баримт бичигт дурджээ. 

Холбоотой мэдээ