УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-04 07:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо Төрийн ордонд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Төсвийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол, ХБНГУ-ын Засгийн газрын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хавсарган өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


Харин 11.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Мөн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо 15.00 цагт хуралдах юм

Холбоотой мэдээ