Х.Баттулга: Монгол эхчүүдийн хөдөлмөрийг дэлхийн жишгээр үнэлэх учиртай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-06-01 12:37:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд мянган эхийг хүлээн авч Эхийн алдар одон гардуулан баяр хүргэв.



Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, “Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг сайхан уламжлалтай. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон, хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримтлаж, хүүхэд, эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай юм. Хүүхэд бол үндэсний ирээдүй, улс орны баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ. Өнөөдөр Алдарт эх болж буй бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван ихэр хүүхэд төрүүлж өсгөн, дөрөв дэх төрөлт дээрээ мөн гурван ихэр хүүхэд төрүүлж, Алдарт эхийн 1-2-р одонгийн болзлыг зэрэг ханган, зургаан сайхан хүүхэдтэй болж буй хоёр ч эх зогсож байна.




Хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлнэ гэдэг асар их хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж буй эхчүүдийг гэртээ ажилгүй сууж байна гэдэг нь асар буруу яриа бүхий ойлголт юм. Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил юм. Тийм учраас төр Монгол Улсын иргэнээ эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийнхээ хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх учиртай” гэдгийг онцолсон юм.

Тэрээр бусад улс оронд эхчүүдийн талаар, хүн амаа өсгөх талаар явуулж буй халамжийн бодлогыг жишиж хэлэхдээ, “Өнөөдөр манай улсад үйлчилж буй үнэлэмжээр бол Алдарт эхийн 1-р одон 200 мянган төгрөг, 2-р одон гэхэд 100 мянган төгрөг байж, жилд нэг удаа олгож байгаа нь өнөөдрийн ханшаар 100 ам.долларт ч хүрэхгүй байна. Тэгэхэд, Австралид хүүхэдтэй эхэд жилд хамгийн ихдээ 3613 ам.доллар, Унгарт 765 ам.доллар, Японд 510 ам.доллар, Польшид 270 ам.доллар, Грек улсад 135 ам.доллар олгодог байна.






Манай хөрш ОХУ-д хүүхэд төрүүлсэн эхэд, гурван жил тэтгэмж олгож, эхний таван сар цалингийн 100 хувиар тэтгэмжийг тооцон, цаашид 40 хувиар бодож олгодог бол манайд жирэмсний таван сартайгаас эхлэн, нийт 12 сарын хугацаанд тэтгэмж олгодог, тэр нь сард 40-хөн мянган төгрөг байна. Эндээс бид эхчүүдийнхээ хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг нь харагдаж байна. Тиймээс бид эхчүүдээ бодитоор баярлуулан хөдөлмөрийг нь үнэлэх талаар нухацтай бодох цаг болсон. Хүүхдээ сэтгэл амар өсгөж бойжуулах хэмжээнд эхчүүдийн тэтгэмжийг хүргэх талаар төр, засаг бодлого боловсруулан шийдвэр гаргахыг дэмжиж ажиллана” гэдгээ онцлон илэрхийлсэн юм.

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу Алдарт эхийн 1 болон 2-р одонг 9465 ээж хүртэж байна. Үүнээс:

  • Нэгдүгээр одон 611
  • Хоёрдугаар одон 8853
  • Нийслэлээс 3677
  • Хөдөө, орон нутгаас 5090
  • Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна.


Эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг нар оролцов.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ