Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай тогтоолыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-31 12:35:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай тогтоолыг батлав.


Тогтоолын төсөлд УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд ажилладаг албан тушаалтны сарын цалингийн хэмжээг УИХ-ын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэн Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалтантай ижил цалинтай байхаар тогтоон төсөлд тусгасан байна. Энэхүү тогтоолыг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй юм. Тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь дэмжиж батлав.


Мөн хуралдаанаар "Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн албаны тухай хуульд заасанчлан,  төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналд үндэслэн УИХ тогтоохоор тусгасан. Ингэхдээ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахгүй байхаар боловсруулжээ. Эдгээр албан тушаалтны цалингийн хэмжээ, сүлжээг УИХ-аас тусгайлан тогтоож байгаа учир давхардал үүсгэхгүй байх зарчим баримталжээ. Итгэлцүүрийг батлахдаа, Яамны төрийн нарийн бичгийн даргын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах хэмжээг суурь болгосныг хэвээр мөрдөнө. Ингэснээр төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэх, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрт итгэлцүүрт харгалзах коэфициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг, түүнтэй адилтгах зэрэглэлийн албан тушаалтны цалингийн хэмжээ нь дагаж нэмэгдэж байх юм гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Төрийн албаны тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн тул, үүнтэй уялдуулж тус тогтоолын төслийг дээрх хугацаанаас хүчинтэй болгохоор зохицуулжээ. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж Засгийн газар үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулган өндөрлөв. 

Холбоотой мэдээ