Ашиглахгүй болсон тээврийн хэрэгслийг устгах, дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Гадаад орнуудтай харилцах Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа
өргөжиж байгаа энэ үед автотээврийн ангилал, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхайн
тээвэр, авто зам дагуух үйлчилгээ, автомашин үйлдвэрлэл зэргийг хөгжлийн чиг
хандлагад нийцүүлэх шаардлага гарсныг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн төсөл санаачлагчийн
илтгэлдээ дурдлаа.
Тэрбээр, “Монгол Улсад автотээврийн хэрэгслийг шинээр угсарч байгаа хэдий ч
автомашин үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдээгүй байна. Хуурамч сэлбэг
хэрэгслийг улсын хилээр оруулах, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд засвар
үйлчилгээг явуулах зөрчлийг таслан зогсоохын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнд
тохирлын үнэлгээ хийж баталгаажуулах шаардлага үүссэн. Мөн уул уурхайн
тээвэртэй холбоотой харилцааг тусгай журмаар зохицуулах, нэгдсэн удирдлага
зохицуулалтаар хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага үүсчээ. Автотээврийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар олон улсын болон бүс
нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн эрх зүйн таатай орчин
бүрдэнэ. Мөн автомашин, түүнийг сэлбэг хэрэгсэл угсрах, үйлдвэрлэх болон
ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг устгах, дахин боловсруулах үйлдвэрлэл
хөгжих юм. Ачаа, зорчигч тээвэрт тавих шаардлага, нөхцөлийг сайжруулж,
хариуцлагын тогтолцоог нэмснээр иргэдэд аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх
эрх зүйн зохицуулалттай болох юм. Тээврийн хэрэгсэл түүний засвар, үйлчилгээ,
үйлдвэрлэл, бүртгэлд тавих шаардлагыг нарийвчлан зохицуулна. Ингэснээр агаарын
бохирдол, зам, тээврийн осол, зөрчил, эд материалын хохирлын хэмжээ буурна”
гэлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт төрөөс олгож
буй тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэх Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан
байгааг дурдав. Харин Автотээврийн тухай хуульд мөн л тусгай зөвшөөрөл олгох
зохицуулалт тусгасан байгаа тул хуулийн давхардал үүсэх магадлалтай байгааг
хэлсэн юм. Мөн тэрбээр, “Энгийн буюу жижиг тэрэг зорчих ёстой замаар ачааны автомашин явснаар зам эвддэг гэдгийг дурдсан юм.
Өнгөрсөн онд баталсан Авто замын тухай хуульд тусгай зориулалтын зам буюу
ачаа тээврийн автомашин зорчих зориулалттай замын талаар нарийн зохицуулалт
тусгасан гэдгийг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас тайлбарлав.
Мөн Автотээврийн тухай хуулиар зөвхөн мэргэшсэн жолоочийн буюу ачаа тээврийн
эсхүл үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөл л олгохоор
тусгасан гэдгийг онцолсон юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 400-500 хүн авто замын ослын улмаас амь
эрсдэж, олон мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг дурдлаа. Тэрбээр, “2021
оноос баруун талдаа жолооны хүрдтэй автомашин замын хөдөлгөөнд оролцохыг
хориглохоор төлөвлөж байгаа юм байна. Эхний ээлжинд энэ зохицуулалтаа нийслэлд хэрэгжүүлэх
ёстой. Мөн Монгол Улсын иргэд, зарим аж ахуйн нэгж ихэвчлэн осолд орж байсан
автомашин импортоор авч байна. Үүнийг болиулах боломж бий юу” хэмээв.
Монгол Улсад 100 мянган хүний 15 нь автозамын ослын улмаас нас барж байна
гэсэн судалгааг 2018 онд ДЭМБ гаргажээ. Энэ нь дэлхийн дунджаас доогуур
үзүүлэлт гэдгийг ажлын багийнхан дурдсан юм. Мөн зургаа болон түүнээс дээш
жилийн өмнө үйлдвэрлэсэн автомашиныг хилээр нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийхээр
судалж буйг хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Аймаг бүрийн Засаг даргын дэргэд
автотээврийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлдэг алба байгуулах ёстой. Одоо бол
төвөөс нэгдсэн байдлаар автотээврийг удирдаж байгаа. Гэтэл аймгийн удирдлагууд
автозамын нөхцөл байдал болон цаг агаар хүндэрсэн зэрэг эрсдэлийн үед аймгийн
Засаг дарга нар асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал юм” гэлээ.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь хуулийн
төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн
байнгын хороонд шилжүүлэв.