Барилгын хог дахин боловсруулах найман төрлийн тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-30 17:50:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд барилгын хог хаягдлыг дахин боловсруулах 20 мянган еврогийн үнэ бүхий найман төрлийн тоног, төхөөрөмжийг “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-өөс өнөөдөр хүлээлгэн өглөө.


Хатуу хог хаягдал, чулуу, металл, органик материал дахин боловсруулах энэхүү ухаалаг технологийг нэвтрүүлснээр байгалийн нөөцийн тэнцвэр байдлыг хадгалахад чухал нөлөөтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байв.


Тухайлбал, “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн менежер М.Бямбарагчаа, “Манай төсөл байгаль орчныг хамгаалах асуудалд өндөр ач холбогдол өгч, барилгын салбараас гарч буй хог хаягдлыг дахин ашиглахад анхаарч ажиллалаа. Судалгааны лабораторийг засварлаж нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр байгаль орчинд хохирол хог хаягдал боловсруулах технологитой болж байна” гэв.


Европын холбоо, Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Каритас Чех Реапаблик ТББ-ын хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь барилгын салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг нэвтрүүлэхэд нь дэмжих зорилготой юм.


Улаанбаатар хотод жилдээ  350-400 мянган тонн хог гардаг. Үүний 12-15 хувь нь буюу 100-аад мянган тонн нь барилгаас гардаг байна. Тус сургууль барилгын материалын лабораторийг засварлаж эдгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр барилгын хог хаягдлаас бүтээгдэхүүн гарган авах туршилт судалгаа хийх нөхцөл сайжирч, улмаар Монгол Улс барилгын хаягдлыг дахин боловсруулан хэрэглэхэд түлхэц болж байгаа юм.

Холбоотой мэдээ