Монголын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын орон сууцнуудыг өмчлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-30 16:55:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо боллоо.


Хуралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, бүс нутаг, хил орчим, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Дэд комисс, Ажлын хэсэг хуралдаж тодорхой тохиролцоонд хүрэв. Тухайлбал “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татвар болох 100 тэрбум төгрөгийг төмөр замын суурь бүтцийг шинэчлэхэд зарцуулах боллоо. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөн хөрөнгөөс эхний ээлжинд 550 орон сууцыг одоо амьдарч байгаа өрхүүдэд нь өмчлүүлэх нөхцлийг бүрдүүлэв. Үлдэх орон сууц, барилгын өмчлүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх болов.


Хуралдаанаар мал эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, өнхоёр орны гадаад худалдааны эргэлтийг 2020 он гэхэд хоёр тэрбум ам.долларт хүргэх болон эрчим хүч, уул уурхай, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Дээрх асуудлуудыг тусгасан протоколд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газрыын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев нар  гарын үсэг зурав.

Холбоотой мэдээ