“Хүний эрх хамгаалагчдын клуб”-ыг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-30 17:29:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан байгууллагаа төлөөлөн аймгийн ГБХЗХГ, Тэмүүжин цогцолбор сургуультай хамтарч “Хүний эрх хамгаалагчдын клуб”-ыг байгуулахаар болжээ.

Тус клуб нь нийгэмд тустай иргэн болж төлөвшихөд чиглэсэн үе тэнгийн эерэг хандлагыг түгээх, нөлөөлөх чадварыг эзэмшүүлэх мөн энэ чиглэлээр сайн дурын клубт гишүүн болсноор гадаадад суралцах тэтгэлэг хүсэх виз мэдүүлэхэд давуу тал болдог байна.

Дээрх клубыг байгуулснаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлыг хүний эрхийн ахлах шинжээчтэй хамтран зохион байгуулах боломжтой болох юм.

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах нь Монгол Улсын засгийн газрын  үндсэн үүрэг бөгөөд орон нутагт байгуулж байгаа сайн дурын байгууллагуудын тухайд төрийн үүрэг ачаанаас үүрэлцэж буй нэн чухал ажлын нэг юм. Олон улсын хэмжээнд хүний эрх хамгаалагчдыг өөрийн болон хэн нэгний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хохирлыг барагдуулахын төлөө тэмцэж буй байдлыг харгалзаж, төрөөс тэдний аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгааг хангадаг байна.

Харин манай улсад хүний эрхийн ажилтнуудыг хамгаалах үүрэгтэй УИХ, Засгийн газар үндсэн үүргээ мэдэхгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас олон эрсдэлийг даван туулж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Түүнчлэн манай улсад хүний эрхийг дээдлэх нь байтугай хүүхдийн эрхийг ч ноцтой зөрчиж байгаа тохиолдлууд гаарч байна. Айлган сүрдүүлэх, заналхийлэх, дайрч довтлох, тамлал яргалал үзүүлэх, насанд хүрээгүй хүүхдэд хадаг тавих ёслол үйлдэх, үр хөндүүлэх, тэр ч бүү хэл амь насыг нь хохироох гэх мэт олон ноцтой зөрчлүүд гарах боллоо. 

"Орон нутгийн хэмжээнд хүний эрхийн ганцхан ажилтан байгаа нь хүрэлцээ муу төдийгүй энэ чиглэлийн үйл ажиллагаа дэмжигдэж, дэлгэрээгүй гэдгийг батална. Тиймээс энэхүү клуб маш чухал" гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан онцолж байлаа.


 

Холбоотой мэдээ