О.Норов: Ирвэсэнд малаа идүүлсэн малчинд нөхөн төлбөр олгох хэрэгтэй гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-07 12:11:43

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Алтайн салбар уулсын дунд “Алтайн эзэн” гэх ирвэстэй айлсан амьдарч буй Зэрэг сумын малчидтай уулзаж ярилцлаа. Тэдгээр малчдын нэг бол Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн малчин Олзвойн Норов юм. 

Тэднийх Баатарын нуруу, Шаазант гэдэг газар нутагладаг. Тэрбээр 1986 онд цэргийн албанаас халагдаж ирснээс хойш мал маллаж байна. Тэрээр Увс аймгаас Баяд омгийн махны чиглэлийн хурган хуц авч ирж сүргийн бүтцээ сайжруулжээ. 

Норов, манайх удмаараа малчин. Одоо 300 гаруй бог малтай. Ам бүл дөрөв. 1980-1990 оны үед өдийд, зуны эхэн сар гэхэд сүү цагаа элбэг гарч, мал ногоонд цадаж, хурганы сүүл бондойчихсон байдаг байлаа. Тэр үед төлөг, шүдлэн 28-30 кг жин татдаг байсан. Гэтэл одоо зуны сар гарчихаад байхад мал тэжээлээс салж чадахгүй байна. Тэжээл ч бас үнэтэй, малын тарга хүч тааруу байна.

Зун Цастын нуруу гэх газраас цааш зусдаг. Манайх жилд дунджаар 10-15 мал ирвэсэнд өгдөг. Отроор малаа хариулж явах үед ахмадууд ирвэсийг оролдож болохгүй гэж захидаг байсан. Ер нь цөөн малтай бидэн шиг малчид ирвэсэнд малаа идүүлээд хохирол амсдаг. Тиймээс малчны хохирлыг барагдуулж нөхөн төлбөр олгох бодлогыг цаашид  хэрэгжүүлбэл зохистой гэж бодох юм.

Сүүлийн үед дөрвөн гүен дагуулсан ирвэс манай өвөлжөөний ойролцоо байршуулсан камерт орсон гэж ярьдаг. Малчин бид чинь энэ сүрлэг амьтнаар бахархана шүү дээ. Энэ амьтан руу буу шагайвал насаараа дийлшгүй төлбөрт орно. Хонь хариулж яваад таарвал  хайрхаан энэ амьтан явж байна гээд л барааг нь хараад өнгөрдөг.

Шөнө малын хотонд хонь сэрхийгээд үргэхэд л бид сэрдэг. Малчид жилийн дөрвөн улиралд сэргэг байдаг. Ирвэс, чоно ирэхээр гал түлдэг, аргал уугиулдаг. Гэрэл чийдэн асаах гэх мэтээр хамгаалдаг. Малчин бид чинь 24 цагийн турш амралтгүй, ажил хийдэг хүмүүс.  Байгаль цаг уурын өөрчлөлттэй бид өөрсдөө зохицьё гэж бодоод, мал сүргийн тоонд биш чанарт анхааран маллаж байна даа.

Төр засаг 1000 малтай хүнийг улс, аймгийн аварга болгож байхаар цөөн тооны чанартай, бэлчээр усаа хамгаалж, байгаль дэлхий, ан амьтандаа  ээлтэй амьдардаг  малчныг  урамшуулах, дэмжих бодлого баримтлах хэрэгтэй гэж ярилаа. 

Мөн социализмын үед бид үржлийн 500 хоньтой, 70-80 ямаатай байсан нь сүргийн бүтэц, зохион байгуулалт зөв байсны илрэл. Одоо сүргийн бүтэц алдагдаад, дээрээс нь малын тоог нэмээд, малчид өөрсдөө ч ядраад, хүн хүч хүрэлцэхгүй хэцүү байгаа юм. Байгалийн доройтолд малчид бид өөрсдөө буруутай юм шиг...

Энэ нутгийн малчид малаа хашиж хамгаалах төмөр торон хашаатай болсон. Хээрийн аль ч амьтнаас малыг хамгаална гэж бодож байна хэмээн малчин О.Норов ярилаа.   

Холбоотой мэдээ