Г.Занданшатар: Монгол Улс Оюутолгойн асуудлыг нээлттэй, эрх тэгш шийдвэрлэхэд бэлэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, ноён Алейн Пилоу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу тус байгууллага Монгол Улсад 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан нь 100 хувь хувийн хэвшилд чиглэж ирснийг уулзалтын эхэнд тэмдэглэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай тогтоосон хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад баримтлах стратеги төлөвлөгөөндөө тусгасан үндсэн чиглэлийн нэг нь уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд чиглэж буйг онцлов. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станцууд барих, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам, хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрлэл, банк санхүү, үйлчилгээний 100 гаруй төслийг санхүүжүүлжээ. Цаашид хог хаягдал боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх, бохир ус цэвэршүүлэх байгууламжийг сайжруулахад хамтран ажиллахаар төлөвлөснөө танилцууллаа.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлдгийг ноён Алейн Пилоу дурдаад, Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого чиглэлийн талаар тодруулав.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Миний хувийн байр суурь бол Монгол Улсын Засгийн газар болон салбарын яамны байр суурийг зөв гэж үзэж байгаа. Үүнийгээ ч ажлын багийнханд илэрхийлсэн. Манай талаас “Рио Тинто”-д хоёр талдаа ашигтай шийдлийг санал болгосон ч, нөгөө тал ямар нэг шийдвэрт хүрэлгүй жил гаруй боллоо. Үүнээс болж гэрээний нөхцөлийг сайжруулах зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа. Бид төслийг сайжруулж үр дүнтэй болгохын тулд үйлдвэрлэл, татварын нөхцөл гээд бүх асуудлыг эв зүйгээр шийдэхийг хичээж байна. Гэрээ зөрчсөн болон татвартай холбоотой асуудал ч бий. Гэсэн ч “Рио Тинто” мөн л хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа. Тэд ямар нэгэн шийдэл гаргаж, хариу өгвөл Монгол Улсын Засгийн газар аль аль талын ашиг сонирхлыг харгалзан, нээлттэй, эрх тэгш шийдвэрлэхэд бэлэн байгаа. “Рио Тинто”-гийн баримталж буй байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэн далангүй хэлье. Эцсийн дүндээ аль аль талын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим хэрэгжих ёстой" гэж хэлэв.
Ноён Алейн Пилоу "Би таны хэлснийг зөв гэж үзэж байна. “Рио Тинто”-гийн хувьд ямар ч байсан зөвшилцөлд хүрэх нь дамжиггүй. Бид та бүхэнд туслахад бэлэн байна" гэв.