Эрх зүйн хөтөч бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-28 17:59:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёдугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд энэ хүрээнд “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг Баянхонгор аймагт хийлээ.

Энэ онд аймгийн хэмжээнд Эрх зүйн 180 хөтчийг бэлтгэхээр төлөвлөж, нэгдүгээр ээлжийн сургалтад төсөвт 36 байгууллагын холбогдох албан хаагчдыг хамруулж, “Эрх зүйн хөтөч”-ийн гэрчилгээ гардуулан өгчээ. Эрх зүйн хөтөч нь онлайн болон биеэр алслагдмал хөдөө орон нутгийн ард иргэдийн өдөр тутамд тулгарч буй асуудалд эрх зүйн мэдлэг, туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүрэгтэй алба хаагчид юм.

Хөтөч бэлтгэснээр ард иргэдийн эрх зүйн боловсрол дээшлэн, буруу газар хандан, цаг заваа үрэлгүй өөрт тулгараад байгаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болох юм. Цаашид эдгээр эрх зүйн хөтчийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулалт удирдлагаар хангаж иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээллийг түгээх ажлыг эрчимжүүлэх аж.

Холбоотой мэдээ