Лалын орнуудыг ардчилах гэсэн АНУ-ын бодлогыг иргэд нь дэмжихгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-29 11:38:18

ВАШИНГТОН. /Sputnik/. Лалын орнуудыг ардчилах гэсэн АНУ-ын Засгийн газрын оролдлогыг тус улсын иргэдийн гуравны нэг буюу 28 хувь нь дэмжихгүй байгааг “Rasumssen Reports” судалгаагаар харуулжээ.

Лалын шашинтай орнуудад ардчиллыг хөгжүүлэх гэсэн АНУ-ын Засгийн газрын хүчин чармайлтын тухай “Rasumssen Reports”-ийн судалгаанд, АНУ тэднийг зөнгөөр нь орхих ёстой гэж тус улсын иргэдийн 58 хувь нь үзсэн байна.

Эрх барих “дэглэмийг нь өөрчлөх” бодлоготой хослуулан тухайн улсад ардчилал тогтоох нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны үеэс эхлэлтэй тус улсын Гадаад бодлогын амин сүнс нь боловч америкчууд уг бодлогыг эсэргүүцдэг билээ.

Жишээ нь, АНУ Иракт цэргийн ажиллагаа явуулж, улмаар Өрнөдийн хэв маяг бүхий ардчиллыг тогтоох гэсэн нь “Лалын улс” болон бусад террорист бүлэглэл газар авах шалтгаан болсон гэж гадаад бодлогын шинжээчид буруушаадаг. АНУ Афганистанд мөн л адил ажиллагаа явуулж, 2002 онд тус улс руу түрэмгийлэн давшиж байсан бөгөөд тэр үеэс илүү том газар нутгийг “Талибан” бүлэглэл одоо хяналтдаа оруулаад байна.

Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак, Ливийн удирдагч Муаммар Каддафиг түлхэн унагахыг болон “Арабын хавар” хувьсгалыг дэмжсэн АНУ-ын үйлдэл нь мөн л “Лалын улс” бүлэглэл болон лалын террорист байгууллагуудыг өргөжихөд хүргэсэн гэж олон шинжээч буруушаадаг.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ