Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-27 13:40:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёрдугаар чуулган боллоо.  Тус чуулганыг аймгийн Засаг даргын  ивээл дор “Хандлагаа өөрчилье-Хамтдаа хөгжье” сэдвийн хүрээнд зохион байгуулснаараа онцлог юм.

Чуулганд аймаг, сумдын удирдлагууд, төр, хувийн хэвшлийн байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 180 гаруй хүн оролцжээ.

Чуулганы нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндэсний хөтөлбөрт хөгжлийн гадна хэн ч үлдэх ёсгүй гэж заасан байдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ бусдын адил ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох боломж бололцоог хангах асуудал төрийн бодлогын төвд байгаа бөгөөд цаашид төрийн бүх шатны байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч, бодит ажил болгох хэрэгтэй гэв.    

Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй 2639 иргэн бий. Үүнээс эмэгтэй 1065, эрэгтэй 1574 байна. Тус иргэдийн 48,8 хувь нь төрөлхийн,  41,2  хувь нь олдмол  хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа бий.

Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар Ховд аймгийн төрийн 60 гаруй байгууллага хөгжлийн бэрхшээлтэй 150 орчим иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна гэж албаныхан мэдээллээ.

Энэ удаагийн чуулганы үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих ажилд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжих, шийдвэр гаргах түвшинд иргэдийн идэвх оролцоо нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой. 

Холбоотой мэдээ