Хөх торгон дээр урласан Монголын нууц товчоо зохиолыг олны хүртээл болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-26 11:43:33

Дорноговь/МОНЦАМЭ/.Монголын нууц товчоо судрыг 180 метр хөх торгон дээр монгол бичгээр урласан бүтээлийг Замын-Үүд сумын иргэдэд үзэсгэлэн хэлбэрээр танилцуулжээ.

Дээрх бүтээлийг сэтгүүлч Хонхэрэйдийн Б.Энхбатын гэр бүл олон жилийн өмнө урласан аж. Номын эхэнд Алунгоо эхийг таван хүүхэддээ сургаал айлдаж буйгаар дүрсэлсэн бөгөөд торгыг хар, шар, улаан, цагаан гэсэн дөрвөн өнгөөр эмжиж, таван өнгөөр урласан нь дэлхийн хүн зон энх тайвнаар орших  зэрэг гүн утга агуулгыг бэлгэдсэн байна.

Мөн монгол эмэгтэйчүүдийн оёдол, хатгамлын арга хэлбэр болох зүү ороох, зээгт наамал, утас дарах, хонин холбоосоор оёх зэрэг 40 гаруй нэр төрлийн аргыг ашигласан аж.

Эл бүтээлийг аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад эх орноо сурталчлах, эх түүхээрээ бахархах үзлийг хойч үед төлөвшүүлэх зорилгоор урласан төдийгүй Гиннесийн номд орох аварга том бvтээл болсноороо онцлог юм гэж урлаачид ярив.

Холбоотой мэдээ