Хөвсгөл аймгийн уран бүтээлчид олон улсын урлагийн наадамд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-23 22:45:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг БНСУ-ын Тэжон хотын Со-гу дүүрэгтэй 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "Healing Art Festival" урлагийн наадамд Хөвсгөл аймгийн төрийн байгууллага болон уран бүтээлчдийн төлөөлөл бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 дахь жилдээ оролцож аймаг орон нутгаа сурталчлахаар Солонгос улсыг зорив.

Харин Со-гу дүүргийн уран сайханчид ирэх 7 дугаар сард Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулах гэнэ. 2016 онд Хөвсгөл аймгийн 14 эмч БНСУ-ын Тэжон хотын Конян их сургуулийн эмнэлэгт дадлага хийж мэргэжлээ дээшлүүлж, 2017 онд Со-гу дүүргийн эмч нар тус аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, 80 гаруй сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис зэргийг олгосон байна.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн Засаг дарга Жан Жун Тэ-гийн урилгаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн оны 10 дугаар сард албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ онд 2 талын хамтарсан 3 томоохон ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн ажээ.


Холбоотой мэдээ